Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт иргэдийг бүртгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-03 18:34:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс ажлын байрыг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих гэсэн төсөл хөтөлбөрүүдийг зарлан бүртгэж байна.

Тус хөтөлбөрийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх чиглэл хамрагдах юм байна. Үүнд 35-аас дээш хөдөлмөрийн насны иргэний хүсэлтийг хүлээн авч бүртгэх ажээ.

Дашрамд дуулгахад энэ хөтөлбөрт мал аж ахуй, хүнсний ногоо тариалах, гахай, тахианы аж ахуйнаас бусад чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэд хамрагдах юм байна. Энэхүү хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх иргэд 3.0 хүртэл сая төгрөгийг 24 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөх санхүүгийн дэмжлэгийг авах юм байна. Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд МСҮТ-ийн төгсөгч болон төгсөгчдийн бүлэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэнэ. Энэхүү хөтөлбөрөөр МСҮТ-ийн төгсөгчид 2 сая хүртэл төгрөг, бүлэгт 10.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох аж. Түүнчлэн төгсөгчид бүлэг болсон тохиолдолд 5-аас ихгүй гишүүнтэй байхыг зөвлөмж байна. Энэ хөтөлбөр нь мөн л 24 сарын хугацаатай, 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй юм байна. Мөн энэхүү хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаанд байдаг хүүхдээ асарч буй эцэг эх нь хувиараа болон бүлэг хоршооны хэлбэрээр өрхийн үйлдвэрлэл, аж ахуй бичил бизнес, газар тариалан, фермерын аж ахуй эрхлэх хүсэлтэй бол мөн хамрагдаж болох юм байна. Эл хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 3.0 хүртэл сая төгрөг байх бөгөөд 24 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөх ажээ.

Ч.Отгонцэцэг  

相关新闻