Вьетнамын далайчдын сургийг гаргахад туслахыг хүсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМХАНОЙ./TASS/.Филиппиний эргийн орчимд далайн дээрэмчдэд олзлогдсон хуурай ачааны хөлөг онгоцны багийнхны сургийг гаргахад туслахыг Вьетнамын эрх баригчид Филиппиний Засгийн газраас хүсчээ.
Хуурай ачаа бараа тээвэрлэх зориулалттай "Зянг хай" хөлөг онгоц өнгөрсөн сарын 19-ний өдөр Индонезээс Филиппиний чиглэлд явж байгаад далайн дээрэмчдийн халдлагад өртсөн байна. Хөлгийн багийнхны сургийг гаргахад туслахыг Филиппиний Засгийн газраас хүссэн гэж уг хөлөг онгоцыг эзэмшигч “Олон улсын далайн тээвэр” гэдэг компани мэдэгдлээ.
Тус компанийн мэдэгдсэнээр, далайн дээрэмчдэд олзлогдсон таван хүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна.
Филиппиний эрх баригчдын таамаглаж байгаагаар, Вьетнамын хөлөг онгоц руу халдсан этгээдүүд нь "Абу Сайяф" гэдэг террорист бүлэглэлийн гишүүд бололтой. Тэд олзны хүмүүсийг мөнгөөр солих бодолтой байж магадгүй юм. Гэхдээ энэ таамаглал одоогоор батлагдаагүй байна.
"Зянг хай" хөлөг онгоц Индонезээс Филиппин рүү цемент тээвэрлэж явсан байна. Уг хөлөг онгоц Өмнөд Филиппиний Сулу арлын орчимд явж байх үед түүн рүү хурдан завь хөлөглөсөн зэвсэгт этгээдүүд халджээ.
Далайн дээрэмчид хоёр далайчныг хөнөөж, хөлөг онгоцны багийн 17 гишүүний тавыг нь үл мэдэгдэх зүгт барьцаалан авч явсан байна. Дээрэмчид одоо хүртэл холбоо бариагүй ажээ.
Б.Мишээл