АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан хээрийн сургуулилт эхэлснийг БНАСАУ эрс буруушаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-02 12:40:34

ПХЕНЬЯН. /TASS/. Хэд хэдэн улсыг татан оролцуулж, 3 дугаар сарын 1-нд эхэлсэн АНУ-БНСУ-ын хамтарсан Foal Eagle цэргийн сургуулилт эхэлсний хариуд БНАСАУ-ын арми хамгийн хатуу арга хэмжээ авах болно гэж Умард Солонгосын Ардын армийн Жанжин штабын төлөөлөгч мэдэгдлээ.

“Америкийн империалистууд болон Өмнөд Солонгосын тоглоомын дэглэмийнхний шидсэн ширхэг бөмбөг манай улсын усан хилийн дотор унах аваас Солонгосын Ардын арми тэр даруй ямар ч өршөөлгүй хариу цохилт өгөх болно” хэмээн төлөөлөгч анхааруулжээ. “Хувьсгалт зэвсэгт хүчин байнгын өндөр сонор сэрэмжтэй, байлдааны бэлэн байдалд байгаа” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Жанжин штабын төлөөлөгчийн анхааруулан мэдэгдсэнээр “Америкийн талыг баримтлагч бөгөөд БНАСАУ-ын эсрэг дайсагнасан бодлого явуулдаг, уг хээрийн сургуулилтад оролцож буй хараат улс орнууд ч мөн хариу цохилтын бай болох” ажээ.

3 дугаар сарын 1-нд БНСУ болон АНУ уламжлал ёсоор Foal Eagle хээрийн сургуулилтаа хийж эхэлсэн байна. Өмнөд Солонгосын Үндэсний Батлан хамгаалах яамны мэдээлснээр, уг сургуулилт энэ сарыг дуустал үргэлжлэхээс гадна 3 дугаар сарын 13-нд  команд-штабын Key Resolve гэдэг сургуулилт эхлэх ажээ.

Foal Eagle сургуулилтад оролцуулахаар Солонгосын хойгийн бүс рүү АНУ-ын нисэх онгоц тээгч “Карл Винсон” хөлөг онгоц, В-1В, В52 бөмбөгдөгч онгоц зэргийг илгээх гэж байгаа аж. Үүнээс гадна, Америкийн талаас тус сургуулилтад радарт үл үзэгдэгч F-35B сөнөөгч-бөмбөгдөгч онгоц, Osprey конвертоплан, түүнчлэн 3,6 мянган цэргийн албан хаагч оролцоно.

Энэ удаагийн өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилт нь БНАСАУ саяхан хатуу түлшт дунд тусгалын баллистик пуужин туршсанаас үүдэн Солонгосын хойгт  түгшүүртэй байдал улам даамжирч буй цаг үед болж байна.

О.Барс

 

 

 

相关新闻