Улсын аваргууд улаан халзтай өргөөгөө тоононд нь хадаг зүүн гардаж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-20 14:43:55

Дундговь /МОНЦАМЭ/ Гал тахиа жилийн босгон дээр Дундговь аймгийн 5 малчин Монгол Улсын аварга малчин хэмээх хүндтэй цол өргөмжлөлийн эзэн болж байна. Улсын аварга малчдын хамгийн залуу 37 настай Дэрэн сумын Саруул багийн малчин Б. Эрдэнэбаяр, хамгийн ахмад  67 настай  Дэлгэрцогт сумын Баянбулаг багийн малчин Б. Тагарваа нарт УИХ- ын гишүүн Б. Наранхүү болон аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ нар өчигдөр шагналыг нь гардуулж өглөө.

Малчин Б. Эрдэнэбаярынх Дэрэн сумынхаа хамгийн олон тэмээтэй өрх. 300 гаруй тэмээ тоолуулж, өөрийн үеийн залуу малчдыг тэмээ өсгөж, ашиг шимийг нь дэлгэрүүлж явахыг уриалан, үлгэр дууриал болж явдгийг сумын Засаг дарга Н. Мядагмаа онцлон дурьдсан юм. Мөн тэрээр мал аж ахуйн хөдөлмөр эрхлэхийг хүссэн сумынхаа хэд хэдэн иргэнийг малжуулж, амьжиргааг нь дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж яваа санаачлагатай малчдын нэг ажээ. Дэрэн сум мянгаас дээш толгой малтай 54 малчин өрхтэйгийн нэг нь Б. Эрдэнэбаярынх бөгөөд сумаасаа Монгол Улсын аварга малчны болзол хангасан тав дахь малчин болж, идэр залуу насандаа хөдөлмөр зүтгэлээ төрдөө ийнхүү үнэлүүлсэнд сум орон нутгийнхан нь баяртай байна.  

Малчин Б. Тагарваагийн хувьд 3 мянгаас дээш толгой малтай Дундговь аймгийн 8 малчны нэг юм. ­­­­­Тэрээр 1972 оноос эхлэн нэгдлийн адуу маллаж, 1980 онд сумын, 1990 онд аймгийн аварга малчин болж байсан. Мал хувийн өмчид шилжсэн үеэс ч адуун сүргээ өсгөж, улмаар 2011 онд аймгийн хошой аварга малчин болж байжээ. Өдгөө тэднийх таван хошуу малтай. 2016 оны эцэст 3100 гаруй мал тоолуулсан нь Дэлгэрсумын түүхэнд хамгийн анхны 3 мянгат малчин болж тэмдэглэгдэн үлдэж буйг сумын ИТХ- ын дарга П. Цолмонбаатар шагнал гардуулах үеэр тодотгож байсан.

Дундговь аймгийн мал сүрэг 3 сая толгой даван өссөн. Энэ бол малчдын нөр их хөдөлмөрийг илэрхийлж буй үзүүлэлт. Үүний цаана малынхаа үүлдэр угсааг сайжруулан, ашиг шимийг нэмэгдүүлэх, малынхаа эрүүл мэндийг хамгаалж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөх зэргээр малчдын хичээн анхаардаг олон зүйл бий. Хичээнгүй хөдөлмөрийнхөө үр өгөөжөөр бусдаасаа ялгарч ийнхүү Улсын аварга малчин болж буйд УИХ- ын гишүүн Б. Наранхүү, аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ нар малчдад талархал илэрхийлээд цаашид монголын хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн хөдөлмөрлөхөд нь нутаг орныхондоо тустай олон сайн үйлс бүтээхэд нь өндөр амжилт хүсэв.

Малчин Б. Тагарваа, Б. Эрдэнэбаяр нараас гадна Сайнцагаан сумын Тэвш багийн малчин Ш. Ганхуяг, Гурвансайхан сумын Гурвансайхан багийн малчин Н. Ганхуяг, Адаацаг сумын Ар Урт багийн малчин Ё. Өлзийтбат нар Монгол Улсын Аварга малчнаар шалгарсан бөгөөд шагналыг нь аймгийн удирдлагууд өнөөдөр гардуулж өгнө.

Улсын аварга малчин цолыг 1993 оноос эхлэн Улсын сайн малчин хэмээдэг болсон бөгөөд Дундговь аймгаас анх Дэрэн сумын малчин У. Цэрэндорж Улсын сайн малчин болж байсан түүхтэй. Түүнээс  хойш энэ алдар хүндийг Дундговь аймгийн 50 гаруй малчин хүртжээ.

Харин энэ жилээс эхлэн тэргүүний малчдаа ийнхүү дахин “Улсын аварга малчин” хэмээх болж, хөдөлмөр амжилтыг нь улаан халзтай өргөө гэрээр мялаадаг болсон. Урьдны уламжлалаар улаан халзтай өргөө гэрийг төр засгаасаа хүлээн авч байгаад малчид баяртай байна. Өргөө гэрийнхээ тоононд хадаг зүүж, хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр тулганд галыг нь бадраана гэлээ.

Т. Отгонтуяа 

相关新闻