Н.Баяртсайхан: Ипотекийн зээлийг Монголбанк бус Засгийн газар хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭМанай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрах болсон. Энэ хүрээнд Монголбанк хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй.
Энэ тухайд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Монголбанк цаашид мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхэд голлон анхаарч ажиллана. Төсвийн шинж чанартай олон төсөл хөтөлбөрийг төв банк хэрэгжүүлж ирсэн. Нийтдээ 8 их наяд төгрөгийн нэмэлт санхжүүжилтийг Монголбанк гаргасан байдаг. Энэ мөнгө бол төсөвт хаа ч тусаагүй, өөрсдөө шийдсэн санхүүжилт байсан. Иймээс төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрийг явуулдгаа зогсоохоор болж байна.
Гэхдээ ипотекийн хөтөлбөр цаашдаа үргэлжилнэ. ОУВС-гаас төсвийн шинжтэй хөтөлбөр учраас Засгийн газар шилжүүлж авах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Зөвлөмжийн дагуу 2018 оноос Засгийн газарт шилжүүлэхээр болж байна. Цаашид хөтөлбөрийг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг дээр Дэлхийн банкнаас туслалцаа авч байна. Дэлхийн банкны туслалцаатайгаар энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй авч явах бололцоо бүрдэнэ" гэлээ.
Б.Туул