Залуу малчдыг дэмжих аяныхан Төв аймагт ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВУвертюра хамтлаг болон Морин спорт уяачдын холбооноос хамтран “Залуу малчдаа дэмжье” аяныг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Энэ аян Төв аймагт үргэлжлэн зохион байгуулагдав.
Уг аяны гол онцлог нь тус хамтлаг "Монгол минь" цомгийн баяраа хийж тоглолтоос орсон орлогоороо “Залуу малчдад” 50 төлөг авч гардуулан өгч байгаа явдал юм хэмээн хамтлагийн ахлагч Г.Пүрэвдавга хэллээ.
"Залуучуудын мал маллаж хөдөө амьдрах сонирхол буурснаас төв газрыг барааддаг болсноос хотын замын түгжрэл, агаарын бохирдол газар авч байна. Тиймээс хот руу чиглэсэн төвлөрөлтэй тэмцэх биш харин хөдөөгийн малчдыг дэмжиж, тэднийг мал маллах боломж нөхцөлөөр хангах хэрэгтэй байгаа юм" гэж УИХ-ын гишүүн Д.Гантулга ярилаа.
Мөн аяны хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ахлах ангийн 150 гаруй сурагчид амьдрах ухаан, мал, маллах арга, эрсдэлээс хэрхэн сэргийлэх, болон “Эерэг өөрчлөлтийг өөрөөсөө” зэрэг сэдвүүдээр лекц сонсгож, сургалт явуулсан байна.
Цаашид 21 аймгийн 21 залуу малчинд 50 эм төлөг авч өгснөөр залуу малчдын мал маллах ухаан, амьдралын арга туршлагыг дэмжсэн чухал үйл явдал болох болно гэдгийг тэрээр онцлон тэмдэглэсэн юм.
Тус аяны долоо дахь аймаг нь Төв аймаг болсон бол цаашид үргэлжлүүлэн 14 аймагт зохион байгуулагдах аж.
Т.Есүхэйтөмөр