Хятад улс нисэх онгоц тээгч гуравдахь хөлөг онгоцоо үйлдвэрлэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-02-13 15:11:51

ХОНКОНГ. /TASS/. Хөөрөлтийн тавцангийн оронд уураар ажилладаг катапультын системээр тоноглогдсон нисэх онгоц тээвэрлэгч гуравдахь хөлөг онгоцоо үйлдвэрлэх ажил Хятад улсад явагдаж байна.

Энэ тухай South China Morning Post сонин Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчинд ойрхон эх сурвалжийг иш татан мэдээллээ.

Одоогоор Хятад улс “Ляонин” гэдэг цорын ганц нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой байгаа юм. Уг хөлгийг Украин улсаас худалдаж авсан Зөвлөлтийн үеийн “Варяг” гэдэг нисэх онгоц тээгчийн суурин дээр үйлдвэрлэжээ. Үүний зэрэгцээгээр одоо “Ляонин”-тай ижил төстэй хоёрдахь усан онгоцыг гүйцээн барьж байгаа ба энэ нь хэмжээгээрээ нэлээд том юм. Энэ хоёр хөлөг онгоц хоёулаа тус бүр 14, 12 градусын тасралтын налуу бүхий хөөрөлтийн тавцантай ажээ.

Шинэчлэн сайжруулсан “Ляонин”-ыг /001А ангиллын төсөл/ энэ ондоо багтаан усанд тавихаар төлөвлөж байгаа аж. South China Morning Post сонинд бичсэнээр, Хятад улс үүнтэй нэгэн зэрэг цоо шинэ төсөл болох /002 ангиллын/ гуравдахь том оврын хөлгийг барьж байгаа гэнэ.

Уг гуравдахь хөлөг онгоц цөмийн хүчний төхөөрөмж, хэт орчин үеийн цахилгаан соронзон катапультаар тоноглогдсон гэсэн таамаглал байсан билээ. Харин Хятадын шинжээчид "ийм боломж огт байхгүй" гэж үзэж байгаа ба Бээжингийн шинжээч Ли Цзегийн хэлснээр “ердөө хэдхэн жилийн дотор шинэ үеийн хөлөг онгоцыг зохион бүтээх боломжгүй” гэжээ.

Харин Хонконгийн сонинд бичсэнээр, нисэх онгоц тээвэрлэгч гуравдахь хөлөг онгоцон дээр хамгийн цөөндөө гэхэд уурын ажиллагаатай гурван катапульт суурилуулах аж. “Энэ бол Ляонинтой харьцуулахад Хятадын хувьд томоохон дэвшил юм, учир нь өмнөх хоёр хөлөг онгоц хоёулаа хөөрөх тавцангаар тоноглогдсон” гэдгийг South China Morning Post-ын эх сурвалж онцолжээ.

Нисэх онгоц тээвэрлэгч гуравдахь хөлөг онгоцыг 2021 онд усанд тавихаар төлөвлөж байна. Хонконгийн цэргийн шинжээч Лян Голяны дүгнэснээр, Хятад улс ийм ангиллын хоёр хөлөг онгоц үйлдвэрлэх ба тэдгээрийн усан түрц нь 85 мянган тонн байх бол “Ляонин” болон 001А төслийн хөлөг онгоцных тус бүр 55 мянга болон 70 мянган тонн ажээ.

О.Барс

 

 

相关新闻