Киргизчүүд онгоцны осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнд 1 сая гаруй доллар хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-02-08 15:29:39

БИШКЕК. /TASS/. Киргиз улсын иргэд Бишкек хотын нисэх онгоцны буудлын ойролцоо ачааны “Бойнг-747” онгоц осолдох үед амиа алдсан болон янз бүрийн байдлаар хохирсон хүмүүсийн гэр бүлийнхэнд тусламж болгон 1 сая гаруй доллар цуглуулжээ.

Энэ тухай Киргиз улсын Онцгой байдлын яам мэдээллээ.

“Одоогийн байдлаар тусгай дансанд 70,66 сая киргиз сом /1 сая 204 мянган ам.доллар/ орсон байна” гэж тус яам мэдэгджээ. Хохирсон хүмүүст зориулан хандив цуглуулах кампанит ажлыг 2 дугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байсан боловч иргэд өнөөг хүртэл дээрх дансанд мөнгө шилжүүлсээр байгаа тул хугацааг нь сунгахаар шийдвэрлэжээ. Хохирогсдод хандивлах мөнгөө сом, Оросын рубль, Казахстаны тенге, евро, ам.доллароор шилжүүлэх боломжтой юм.

Үүнээс өмнө ачааны онгоц сүйрсний улмаас амиа алдсан, шархадсан хүмүүсийн гэр бүлийнхэнд тус улсын ерөнхийлөгч Алмазбек Атамбаевын сангаас нэг удаагийн тусламж болгож тус бүр 100 мянган сом /1,4 мянга орчим ам.доллар/, мөн засгийн газрын сангаас 70 мянган сом /1 мянган доллар/ олгосон байна. Одоогийн байдлаар Киргизийн засгийн газар хохирогсдод  олгох нөхөн олговрыг хэн төлөх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. 

Хонконг-Бишкек-Стамбулын чиглэлд нислэг үйлдэж байсан Туркийн компанийн  “Боинг” онгоц 1 дүгээр сарын 16-нд Манас хотод буух гэж байгаад ойролцоо орших тосгоны дээр унаж сүйрсэн билээ. Ослын улмаас 35 оршин суугч, нисэх онгоцны багийн 4 гишүүн амиа алдаж, 27 хүнийг ослын газраас Бишкекийн эмнэлэгт хүргэжээ. Уг нисэх онгоц унахдаа 26 байшинг хаман сүйтгэжээ. Нас барсан, гэмтсэн хүмүүсийн тал гаруй хувь нь хүүхдүүд байв.

О. Барс

 

相关新闻