Хятадын гадаад валютын нөөц 6 жилийн хугацаанд анх удаагаа буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-02-08 14:03:10

БЭЭЖИН./Reuters/. Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээ сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаагаа 3 их наяд доллароос буурлаа. Юанийн ханш унаж байгааг зогсоохын тулд зах зээлд хөндлөнгөөс оролцох болсон нь гадаад валютын нөөц багасахад нөлөөлсөн бололтой.

Хятадын Ардын банкны мэдэгдэснээр, тус улсын гадаад валютын нөөц өнгөрсөн сарын эцсийн байдлаар 2.9982 их наяд доллар байжээ.

Энэ нь өмнөх сарынхаас 12.3 тэрбум доллароор буурсан үзүүлэлт юм.

Хятадын эдийн засгийн өсөлт цаашид ч саарах хандлага ажиглагдаж, АНУ-ын эдийн засгийн байдал сайжрах төлөвтэй байгаа учраас Хятадын бизнес эрхлэгчид болон хувь хүмүүс юаниар доллар худалдан авах болжээ.

Харин шинжээчдийн үзэж байгаагаар, Хятадын эрх баригчид гадаад валютаа юань худалдан авахад ашиглаж байна.

Валютын зах зээлд хөндлөнгөөс оролцох болон гадаад валютаар авсан өрөө буцаан төлөхийн тулд улс орнууд гадаад валютын нөөцөө ашигладаг.

Нөөцийн хэмжээ багассан хэдий ч БНХАУ гадаад валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.

Юанийн ханш цаашид унахаас урьдчилан сэргийлэхийн тулд мөнгөний урсгалд тавих хяналтаа БНХАУ улам чангатгах эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Г.Доржханд

 

 

 

 

相关新闻