М.Бадамсүрэн:Улс төрийг өгсүүр шаттай зүйрлэвэл нэг ч гишгүүр алгасалгүй алгуур өгсөж явна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЯрилцлагын энэ удаагийн зочноор Дорнод аймгийн Засаг дарга Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг урилаа. Аймгийн удирдлагын хувьд тэр цоо шинэ хүн биш юм. Аймгийн МАН-ын дэд дарга, даргаар 12 дахь жилдээ ажиллаж байгаа, Засаг даргын орлогчоор хоёр жил ажилласан, дараа нь Засаг даргаар томилогдсон гээд өөрийн нь хэлснээр “улс төрийг өгсүүр шаттай зүйрлэвэл нэг ч гишгүүр алгасалгүй алгуур өгсөж яваа” залуу дарга.
-Тантай энэ удаа МОНЦАМЭ агентлагийн Дорнод аймаг дахь сурвалжлагчийн хувиар уулзаж ярилцах гэж байгаадаа таатай байна.
-Миний хувьд ч бас Монголын мэдээллийн хамгийн том агентлагт анх удаа ярилцлага өгч байгаа нь магадгүй, Дорнод аймгийг дэлхийд таниулах боломж гэж ойлгож байгаа.
-Баярлалаа, танд. Таны хувьд хааяахан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх төдий телевизээр харагдах юм. Хэвлэлийнхнээс жаахан зай бариад байна уу даа гэсэн бодол байдаг.
-Би хэвлэлээр дамжуулж мэдэгдэл хийх, ярилцлага өгөх тал дээр тийм ч идэвхтэй нэгэн биш. Тийм болохоор надаас шалтгаалж байгааг үгүйсгэхгүй. Харин тодорхой ажлын ард гарсны дараа үр дүнг нь ярьж хэлж бололгүй л яахав.
-Аймгийн Засаг даргаар томилогдоод хэдий хэрийн хугацаа өнгөрөв?
-2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр томилогдсон. Шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш энэ албаа үргэлжлүүлэн хашиж байна.
-Одоо бол хийсэн ажил, хэлэх үгтэй болсон гэж ойлгож байгаа шүү?
-Ерөнхий зарчмынх нь талаас таны асуултад хариулъя. Ер нь улс, орон нутгийн төсвөөр ийм тийм ажил хийж хэрэгжүүлчихлээ гэж ярих нь оновчтой биш гэж би хувьдаа боддог. Харин аймаг орон нутгийн удирдлага шинийг санаачилж юу хийв, түвшингээ ахиулж чадсан уу гэдэг дээр гол анхаарлаа хандуулах хэрэгтэй юм шиг. Сүүлийн жилүүдэд манай Дорнод аймагт улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө маш бага байлаа. Маш бага шүү. Тухайлбал, улс орны хэмжээнд хэрэгжсэн “Гудамж” төслөөс манай хөрш зэргэлдээ Сүхбаатар аймагт л гэхэд 6 тэрбум гаруй, Увс, Архангай аймагт 20-44 тэрбум төгрөгөөр автозамын ажил хийсэн. Тэгтэл бид орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс жилдээ 1-2 тэрбум төгрөгөөр л зам тавьж байгаа. Гэтэл манай аймгийн нутаг дэвсгэрээс жилдээ 1.0 сая тонн газрын тос олборлож, улсын төсөвт 250-300 тэрбум төгрөг төвлөрүүлж байна. Газрын тос олборлож буй Матад суманд Соёлын төв байхгүй, Халхгол сумын сургууль биеийн тамирын заалгүй олон жилийн нүүр үзлээ. Жил бүр л улсын төсөвт саналаа хүргүүлдэг. Хөрөнгө оруулалтын хувьд бол өмнө нь байшингийн гадна талыг гоё буддаг ч юм уу, бусад аймаг гадна үзэмжиндээ илүү анхаардаг байв. Энэ мэдээж юу нь муу байхав. Гэхдээ гадна харагдах байдлаас илүүтэй агуулганд нь анхаарах ёстой. Хийж байгаа ажил нь тэнд нэг зам тавилаа, байшин барилаа гэдэг талаасаа л тэр нь ажлынх нь нэг үнэлгээ юм шиг ойлгоод байдаг. Тэгтэл хүний хөгжил хамгийн эрхэм юм аа гэдгийг аль аль талдаа ойлгуулах гэж бид хичээж ажиллаж байна.
-Дорнод аймаг бол Зүүн бүсийн тулгуур төв. Тийм учраас арай томыг харсан бодлого барих ёстой байх?
-Манай Дорнодод Дорнод бүсийн эрчим хүчний систем, Зүүн бүсийн Оношлогоо эмчилгээний төв, ИХШХ-ний Зүүн бүсийн газар, Зүүн бүсэд байгаа томоохон Зэвсэгт хүчний анги, Олон улсын нисэх буудал, ОХУ-тай холбогдсон Төмөр замын Баянтүмэн тасаг гээд яривал яалт ч үгүй Зүүн бүсийн хөгжлийн төв газар. Нийслэл Улаанбаатар болон зүүн бүс Чойбалсан хот, баруун бүс Ховд гээд бүсийн тулгуур төв нь бүсийнхээ татах хүч байя гэсэн Монгол төрийн бодлого бий. Энд онцолж нэг зүйлийг хэлэх ёстой. ISO9001 2008 Олон улсын чанарын стандартыг Монгол Улсын хэмжээнд төрийн байгууллагаас Нийгмийн даатгалын байгууллагууд дээр хэрэгжүүлэхэд аймгуудаас Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг сонгосон. Эндээс үүдээд аймгийн хэмжээнд төрийн удирдлагын чанарын тогтолцоог сайжруулах ажлыг бид эхлүүлсэн.
-Барилга байшин, зам талбай барихаас илүүтэй хүний хөгжлийн асуудлыг та өмнө нь тавьж байна. Хэдхэн жилийн өмнө Хүний хөгжлийн индексээр Дорнод аймаг сүүл мушгиж явсан, одоо бол ахисан үзүүлэлт харагддаг?
-Эрүүл, боловсролтой иргэн улс, аймаг орон нутгийг авч явна. Манай аймаг Хүний хөгжлийн индексээр улсын хэмжээнд 21 дүгээрт орж байсан. Тухайн үедээ шуугиж л байсан сэдэв шүү дээ. Сайжруулах гэж бид бүхий л талаар ажилласан. 2015 онд 5 дугаар байрт орсон. Ер нь хүний хөгжилд цаашид бид онцгой анхаарна. Дорнод аймаг хүүхдийнхээ эрүүл мэнд, боловсрол, урлаг, спортод орон нутгийн төсвөөс хамгийн их хөрөнгө зарцуулсан аймаг гэж хэлж болно. Эрүүл мэнд, боловсролын салбартаа сүүлийн жилүүдэд хүний хөгжлийг дэмжих чиглэлээр ихээхэн хэмжээний хөрөнгө тусгасан. Энд би өөртөө дүн тавиад байгаа юм биш л дээ. Яамдын удирдлага дүгнэж байгаа юм. Энэ дүгнэлт нь бидэнд улам ихийг хийх урам өгч байна. Дорнод аймаг сүүлийн жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтаар эхний байруудыг эзэллээ. Үүний ард эерэг үр дүн олон гарна. Наад зах нь заавал Улаанбаатарт хүүхдээ аваачиж сургах шаардлагагүй юм байна гэсэн итгэл үнэмшил хүмүүст сууж өгнө. Боловсрол хөгжсөн газар өнөөдөр биш юм аа гэхэд тав, арван жилийн дараа хүссэн хүсээгүй цойлно. Тэр үед Дорнод аймгийг авч явах хүмүүс өнөөдөр бэлтгэгдэж байгаа гэсэн үг. Эрүүл мэндийн салбарт гэхэд дундаж наслалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Эхийн эндэгдэлгүй гэдэг үзүүлэлтээр нэгд явж байгаа.
Аймгийн хөгжлийн санд гадаад дотоодын газрын тосны компаниудаас хандивласан мөнгөөр өмнө нь зам талбай тавьдаг, эсвэл хурлын төлөөлөгчид гадагш, дотогш явдаг, аймгийн баяр наадамд зарцуулдаг байсан. Одоо бол аймгийн хөгжлийн сангийн энэ мөнгийг хүний хөгжилд зарцуулдаг болсон. Энэ ч үүднээс олон эмч, багш нар ЭМГ, БСГ-ын мэргэжилтнүүдийг гадагш явуулж туршлага судлуулж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр дээд оноо авсан хүүхдүүдийг тус бүр 1 сая төгрөгөөр, бэлтгэсэн багш нарыг нь тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулж байгаа. Үр дүн нь эхнээсээ мэдрэгдэж байна.
-Өөр?
-Өөр энд онцлох зүйл гэвэл замын талаар яримаар байна. Өмнө нь зам тавилаа гэхээр зүгээр л автозам тавьчихвал болчихдог байсан. Гэтэл тэр зам чинь явган зорчигчийн зам, гэрэлтүүлэг, зогсоолтой байх ёстой. Яг энэ стандартыг бид барьж байгаа. Зөвхөн замын тухай л жишээ татаж ярьж байгаа шүү. Өөр зөндөө зүйл дээр стандарт шаардлагыг баримтлах эхлэлийг тавьсан. Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүх стандарт миний ширээн дээр энд байна. Ерөөсөө энэ стандартаар л ярина. Хоёрдугаарт, чанарын асуудлыг чухалчилж байна. Өмнө нь явган зам гээд дөрвөлжин алаг хавтангууд тавьдаг байсан. Гэтэл өнөөдөр тэр хавтангууд яасан, ховхорч унасан. Одоо бид зөвхөн даац авдаг, ус шингээдэг, бат бэх шахмал хавтангаар явган зам тавих стандартыг барьж байгаа. Хөрөнгө оруулалтын асуудал дээр яг л энэ зарчмыг барьж ажиллана. Хөрөнгө оруулалттай холбоотойгоор хэлэхэд улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа ажлууд ажлын байр нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл хэрэглээг доргиож өгдөг. Цэцэрлэгийн барилга баригдлаа гэхэд орон нутгийн иргэд тэнд ажиллана, барилгын материалаа дэлгүүрүүдээс авна, тэнд ажиллаж байгаа хүмүүс цалин хөлсөө ууж идэхдээ зарцуулах гэхчлэн төсвийн хөрөнгөөр орж ирж байгаа ажлууд сайн байх юм бол хэрэглээг дэмжиж өгдөг сайн талтай.
Өнгөрсөн жил Дорнод аймаг нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтээр улсад 3-рт орсон. Мэдээж газрын тосны томоохон компани ажиллаж байгаатай холбоотой ч нөгөөтэйгүүр бидний барьж байгаа бодлого бол орон нутгийн компаниуддаа давуу эрх олгох. Ингэж байж орон нутгийн компаниуд хөл дээрээ босно. Нийслэлд очоод өрсөлдөх, хөрш зэргэлдээ аймгуудтай өрсөлдөхүйц компаниудыг бид гаргаж ирэх ёстой. Тэр бодлогын үр дүнд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ өсч 7,4 сая төгрөгт хүрсэн.
Дараагийн анхаарсан томоохон зүйл бол “Хөгжлийн хэтийн зорилт”-оо боловсрууллаа. Энэ хөтөлбөрийг тун сайн болжээ гэж иргэд үнэлж байгаа. Ямар нам, улс төрийн хүчин байхаас шалтгаалахгүйгээр энэ хөгжлийн хөтөлбөр олон жил мөрдөгдөнө. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтаар болон бусад аж ахуйн нэгж, байгууллагуудын хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлууд энэ хөтөлбөр бодлоготой уялдаж явах юм. Газар тариалангийн талаар аймгаас баримтлах бодлого, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр баримтлах бодлого гээд арваад дэд хөтөлбөр баталсан. Миний бодол бол хоосон цаас “үйлдвэрлээд” суух биш, хөтөлбөрөө хэрэгжүүлж, үр дүн нь гарч байх ёстой. Төсвөө батлахдаа бодлого, хөтөлбөртөө суурилуулж баталсан. Нэг төлөөлөгч сонгогдсон баг дээрээ би ийм юм хиймээр байна гэхээр тэрийг нь шийддэг биш бодлогын дагуу явна гэсэн үг. Энэ мэтчилэн ажлууд дээр анхаарч байна даа.
-Яг энэ жилийн зорилт юу вэ?
-2017 оныг анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхаарлаа хандуулж, хөрөнгө санхүү бодлого зорилтуудаа чиглүүлье гэсэн зорилт тавин ажиллаж байна. Төрийн байгууллагуудын хувьд нарийн зохион байгуулалт хийж чадвал заавал төсөв мөнгөний шаардлагагүй шийдэж болох асуудал олон байна.
-Сошиалиар элдвээр хэлүүлж бичүүлчихээд араас нь дуугарч харагддаггүй. Таны энэ байдлыг улс төрч хүнд байх нэг чанар гэж ойлгож болох уу?
-Нэгд, чи шүүмжлүүлэхгүй байя гэвэл юу ч хийгээд хэрэггүй гэдэг биз дээ. Хоёрт гэвэл, үнэндээ тэр болгоны араас хөөцөлдөөд явах цаг зав ч байхгүй юм даа.
-Бага нас тань Халхголд өнгөрсөн гэдэг. Угсаа гарвалаа яривал?
-Аав маань Халхголын хүн. Өвөг дэээдэс маань эрт үеэс энэ л нутагт амьдарч ирсэн. Одоо ч миний аав Вангийн цагаан уулаа шүтэж тахидаг. Ээж маань Сүхбаатар аймгийн гарвалтай ч аавыг дагаж энэ нутагт ирж ажил амьдралаа төвхнүүлсэн гэдэг. Хүүхэд нас маань сайхан өнгөрсөн. Гэдэс цатгалан, мөр бүтэн байхад л санаа амар явдаг нас шүү дээ. Уруул амаа хөхөртөл Халхголынхоо усанд шумбаад л, морь унаж давхиад, цана чаргаар гулгаад л наймдугаар ангиа төгстлөө сумандаа сурсан. Аймгийн төвд аравдугаар ангиа дүүргэж, ШУТИС-ийг Газрын тосны мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ гавьтай олон жил ажиллаагүй, аймгийн намын хорооны дэд даргаар томилогдсоноор улс төрд хөл тавьсан.Товчдоо ийм шив дээ.
-Баярлалаа, цаг зав гаргасанд.
Энд сонирхуулахад, 1931 онд Хан Хэнтий уулын аймгаас салж манай Дорнод аймаг байгуулагдсан. Тэр үед аймгийн намын хороны даргаар манай Халхголын Нэрэнгийн Даш гэдэг хүн, аймгийн даргаар нь мөн л Халхголын Нямын Намсрай гэдэг хүн ажиллаж байжээ. Түүнээс хойш 80 гаруй жилийн дараа Халхголоос аймгийн дарга сонгогдлоо.
Б.Туяа