Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-07 19:58:27

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэв.

Төслийн танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хийлээ. Дэлхийн банктай хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хамтран боловсруулжээ. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын зээлийн эх үүсвэр “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т тусгагдсан байна. Уг хөрөнгөөр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр уг хөтөлбөрт тусгажээ.

Хэлэлцээрийн төслийг гишүүдийн олонх дэмжиж, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх болов.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011 оноос 2016 оны хооронд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн сонгогдсон 89 сумд хамрагдаж, нийт 120 малчинг, 455 эмэгтэйд дэмжлэг үзүүлсэн байна. Төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бусад аймаг, сумдыг хамруулах, төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Уг зээлийн хүү нь 1.25 хувь бөгөөд эргэн төлөх хугацаа нь 25 жил аж. Төслийн гол зорилго нь төсөлд хамрагдсан аймаг, сумдад малчдын амьжиргааг сайжруулж, ядуурлыг бууруулахад чиглэх юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн хувьд хөдөө аж ахуйн түүхий эд, материалын үнэ цэнийг нэмэгдүүлэх, малчдын болон эмэгтэйчүүд давамгайлсан бүлгүүд, хоршоодод санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг санал хэллээ. Мөн бэлчээрийн даац багтаамжийг хянаж, үнэлэх чиглэлд бодит алхам хийхийг ХХААХҮ-ын сайдад анхааруулав.

Ийнхүү хэлэлцээрийн төслийг гишүүдийн олонх дэмжсэнээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх боллоо.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻