Хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-01 15:50:57

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, А.Ариунзаяа, Р.Батболд, М.Энхцэцэг, Д.Энхтүвшин, Б.Мөнхсоёл, П.Ганзориг нар өнөөдөр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Лхагважав тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон нийтээс санал авч буй энэ цаг үед танхимын төлөөлөлтэй ярилцаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатайг дурдлаа. Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ахалсан Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, иргэдэд татвар ээлтэй байх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө d.parliament.mn-д байршуулсан учраас уг асуудалд МҮХАҮТ-ын төлөөллийн санал хүсэлтийг харгалзах нь чухал хэмээн онцоллоо.


МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Лхагважав, компани, аж ахуй нэгж байгууллагууд одоогоор 253 хууль биелүүлж, түүнийг дагалдан гарсан журам бүрийг хэрэгжүүлж байгаагаас шалтгаалж, өсөж өндийх боломж хумигдаж байна. Тиймээс төрийн хүнд суртлыг арилгах, зохисгүй олон журмыг үгүй болгох УИХ-ын үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хуулиудаар хувь хүнд татварын ачаалал их байгааг хөнгөлөх шаардлагатай талаар дурдав.


УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, татварын багц хууль нь өрхийн орлогыг хамгаалахад чиглэснийг тодотгоод, зөвшөөрөл журмаар аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдэд хүнд суртал үүсгэдгийг цэгцлэхээр шаардлагатай хуулиудад өөрчлөлт оруулахыг зорьж байна гэлээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг 1997 оноос хойш шинэчлээгүй Дампуурлын тухай болон бусад холбогдох хуулийг цогц байдлаар шинэчилнэ. УИХ-ын гишүүн П.Ганзориг Татварын багц хуулийн ажлын хэсэг нь эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах зорилготой. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төрийн өмчит компаниуд зах зээлд томоохон байр суурь эзэлдэгт анхаарах шаардлагатай. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх, УИХ-ын гишүүн Р.Батболд арбитрын шүүхийн асуудал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг нь ажил хөдөлмөр эрхлэх боломжийг дээшлүүлэхээр ажиллаж байна. УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Дулаан хангамжийн тухай хуулийн төсөлд санал авч эхэлсэн, Цахилгаан хангамжийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаа талаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлсэн юм.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран ажиллаж, зөвлөмж авах нь тухайн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой төдийгүй бизнес эрхлэгчдийг төлөөлж буй МҮХАҮТ нөгөө талаас чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчийн эрх ашгийг хангадаг байхад анхаарлаа хандуулах шаардлагатайг онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

相关新闻