Онгоцны үйлчлэгч бүсгүй хүний наймааны хохирогчийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-02-07 16:55:23

ЛОНДОН./BBC/. "Alaska Airlines" агаарын тээврийн компанийн нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэй ариун цэврийн өрөөнд үлдээсэн зурвасыг  уншсанаар хүний наймааны хохирогчийг аварчээ.

Нисэх онгоцон дотор дэгжин хувцастай нэгэн эрэгтэйг үс гэзэг нь сэгсийсэн охин дагаж явааг Шелиа Федрик хараад шуудхан сэжиг авчээ.

"Өсвөр насны тэр охин яг л тамаас ирсэн мэт харагдаж байсан, харин түүнийг дагуулж явсан эрэгтэй хүн намайг охинтой яриулахгүй байсан” хэмээн онгоцны үйлчлэгч бүсгүй сэтгүүлчдэд ярьжээ.

Тэрхэн мөчид Федрик охинд сэмхэн дохио өгч, нойлын өрөө рүү ор гэж ойлгуулжээ. Охиныг нойлын өрөөнд ороход нь толин дээр бичгийн цаас үлдээсэн байсан ба охин түүн дээр "тусламж хэрэгтэй байна" гэж бичжээ. Ингээд тэр охин хүний наймааны золиос болоод байсан нь илт болов. 

Үүнийг ойлгосон Федрик болсон явдлыг онгоцны нисгэгчид хэлснээр тэрбээр цааш нь цагдаад мэдэгджээ.

"Alaska Airlines" компанийн нислэгийн үеэр 2011 онд тохиолдсон энэ явдлын талаар энэ долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна. Үүнтэй зэрэгцэн "Airline Ambassadors" гэдэг буяны байгууллага хүний наймаатай тэмцэхэд нисгэгчдийг сургах кампанит ажлыг явуулж эхэлжээ.

Airline Ambassadors-ын цахим хуудсанд бичсэнээр, хүний наймааны хохирогчид нь айж эмээсэн байдалтай байж, аяллынхаа зорилгыг мэдэхгүй байдаг. Мөн тэд урьдаас бэлтгэж өгсөн үгээр асуултанд хариулж, хүрэх гэж байгаа газартаа зохицохооргүй хувцасласан байх нь олонтоо.

Хүний наймаачид хохирогчдын өмнөөс асуултанд хариулах гэж оролддог төдийгүй хохирогчдын талаар мэдэхгүй байх талтай.

Одоо аврагдсан охин коллежид сурч байгаа бөгөөд өөрийг нь аварсан онгоцны үйлчлэгчтэй байнга харилцаа холбоотой байдаг ажээ.

О. Барс

 

 

相关新闻