Хятадын ICBC дэлхийн хамгийн үнэ цэнэтэй банкны брэнд боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-02-07 15:34:51

ХОНКОНГ. /TASS/. Хятадын Худалдаа аж үйлдвэрийн банк /ICBC/ энэ онд анх удаагаа дэлхий дээрх хамгийн их үнэ цэнэтэй банкны брэндээр тодорчээ.

Үүнийг Британийн "Brand Finance" үнэлгээний компанийн судалгаа харуулж байна. 

ICBC банкны брэндийн үнэ цэнэ нь 2017 онд 47,8 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ үзүүлэлтээр Хятадын банк өмнөх оны тэргүүлэгч Америкийн Wells Fargo-г /41,6 ам.доллар/ гүйцэж түрүүлжээ.

“Актив хөрөнгийнхөө хэмжээгээр хүчирхэг банкинд тооцогдох болсон ICBC нь нэг жилийн дотор брэндийнхээ үнэлгээг 32 хувиар өсгөж, 47,8 тэрбум ам.долларт хүргэж чадсан бөгөөд энэ нь тус санхүүгийн байгууллагын  зах зээлийн нийт хөрөнгөжүүлэлтийн 20 хувь нь /239 тэрбум ам.доллар/ болж байгаа юм” хэмээн илтгэлт дурджээ.

ICBC-гээс гадна Хятадын барилгын банк /CCB/ Хятадын банк /BOC/ хоёр 17 болон 13 хувийн өсөлттэй байгаа нь барууны орнуудын банкуудыг ардаа орхисон үзүүлэлт болж байгаа юм. Үүний зэрэгцээгээр CCB банк  /41,4 тэрбум ам.доллар/ Wells Fargo-г гүйцэхэд тун ойртсон гэдгийг судлаачид онцолжээ.

Хамгийн үнэтэй банкны брэндүүдийн эхний аравт АНУ-ын Chase болон Bank of China, Bank of America, Хятадын Хөдөө аж ахуйн банк, Citi банк, Британийн HSBC, Испанийн Santander банк орсон байна.

Оросын Сбербанк чансааны 35-д бичигдэж байснаа 24 дүгээрт хүрч дэвшсэн ба түүний брэндийн үнэлгээ нь 9,075 тэрбум ам.доллароор /33 хувийн өсөлттэй/ хэмжигдэж байгаа аж.

"Brand Finance" үнэлгээний компани нь 1996 онд Лондонд байгуулагдсан бөгөөд дэлхийн 20 гаруй оронд өөрийн салбартай аж. Энэ компани материаллаг бус актив хөрөнгийн үнэлгээгээр дагнан мэргэшсэн төдийгүй брэндийн үнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлдэг байна.

О. Барс

 

相关新闻