УИХ-ын дарга М.Энхболд Ховд аймагт ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөлгөөнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг Даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар оролцож мэдээлэл хийлээ.
Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди аймаг орон нутгийн цаг үеийн ажлын мэдээллийг танилцуулж, ажлыг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өглөө. Мөн Монгол банкны Ховд дахь салбарын захирал Ц.Бат-Эрдэнэ Ховд аймаг дахь банкны салбаруудын 2016 оны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагын оролцоо анхаарах асуудал" сэдвээр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Л.Билэгдэмбэрэл "Насны хишиг" тэтгэвэрт хамрагдах ахмадуудын бүртгэлийн явцын талаар тус тус мэдээлэл өглөө. Шуурхай хуралдааны төгсгөлд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд аймаг орон нутгийн цаг үеийн ажлын талаар болон энэ сард аймаг орон нутагт болох үйл явдлын талаар танилцууллаа.
Энэ 2 дугаар сарын 14-нд Улсын Их хурлын дарга М.Энхболд Ховд аймагт хүрэлцэн ирэх бөгөөд түүний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 6 яамны сайд болон дэд сайдууд дагалдан ажиллах ажээ. Мөн аймгийн болон улсын аваргаар тодорсон малчин, тариаланчдад шагнал гардуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
А.Бямбасүрэн