300 мянган рупигээс дээш бэлэн мөнгөөр тооцоо хийвэл торгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-02-07 11:54:28

НЬЮ-ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн эрх баригчид энэ оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн 300 мянган рупи /4,4 мянган $/ ба түүнээс дээш хэмжээний бэлэн мөнгөөр тооцоо хийсэн ямар ч хэлцлийг гэмт хэрэг гэж үзэн торгууль ногдуулах шийдвэр гаргажээ.

Энэтхэгийн засгийн газрын татвар хураамж хариуцсан түшмэл Хасмукх Адхиагийн ярьснаар, торгуулийн хэмжээ нь хүлээн авсан мөнгөн дүнтэй тэнцүү байх аж.

“Жишээ нь, та 400 мянган рупигийн бэлэн мөнгөөр мэс засал хийлгэсэн байлаа гэхэд торгууль нь 400 мянга байна, хэрвээ хэлцэл таван саяынх бол торгуульд нь таван саяыг төлөхөөс аргагүй болно. Торгуулийг 5 саяыг хүлээн авсан хүнд ногдуулна. Хэрвээ худалдан авагч дэлгүүрээс үнэтэй цаг аваад мөнгөө бэлнээр төлсөн бол торгуулийг нь дэлгүүрийн эзэн төлнө” гэж Адхиа тодотгон тайлбарлажээ.

Түүний хэлснээр, энэхүү арга хэмжээ нь авлига, шударга бусаар олсон орлоготой тэмцэхэд чиглэсэн байна.

Авлигатай тэмцэх энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн оны 11 дүгээр сард  500 болон 1000-тын мөнгөн дэвсгэртүүдийг эргэлтээс хассанаас эхэлсэн засгийн газрын явуулж буй бодлогын үргэлжлэл юм. Бэлэн мөнгөний хомсдол нь иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгаа ажээ. Харин эрх баригчдын хувьд, эдгээр хатуу чанд арга хэмжээ нь авлигыг зогсооход тус дөхөм болно гэж үзэж байгаа юм.

О. Барс

 

相关新闻