400 мянган ширхэг "мөс" авч явсан ламыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-02-07 09:57:53

ЯНГОН. /ВВС/. Мьянмарын буддын шашны нэгэн хийдээс их хэмжээний “метамфетамин” буюу “мөс” гэдэг мансууруулах бодисыг илрүүлэн хураажээ.

Энэ хэрэгт холбогдуулан нэгэн ламыг баривчлан саатуулаад байна.

Хийдийн дотор үрлэн эмийн хэлбэрт оруулсан 4 сая гаруй ширхэг метамфетамин байсныг илрүүлсэн аж.

Асара гэгч ламын автомашин дотроос мөн 400 мянган ширхэг "мөс"-ийг илрүүлэн хураасан байна.

Цагдаа нар ярихдаа “бид ням гарагийн орой түүнийг хийд рүү явж байхад нь зогсоож, тээврийн хэрэгслийг нь шалгах явцад 400 мянган ширхэг үрлэн "мөс" олж илрүүлсэн. Дараа нь түүний очихоор явж байсан хийдэд нэгжлэг хийж, 4.2 сая ширхэг үрлэн метамфетаминыг олж илрүүлсэн” гэв.

Мьянмар бол мөс, хар тамхи, каннабис буюу олсны ургамал зэрэг мансууруулах бодис үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг юм.

Үрлэн "мөс" нь Азид хамгийн өргөн тархсан мансууруулах бодис бөгөөд түүнийг шөнийн клубын байнгын үйлчлүүлэгчдээс эхлээд жирийн албан хаагч хүртэл бараг хүн бүр хэрэглэдэг байна.

Мьянмарын цагдаа нар 2015 онд 50 сая ширхэг үрлэн "мөс" хураан авч байсан бол өнгөрсөн онд түүхэнд байгаагүй их хэмжээний буюу 98 сая ширхэг үрлэн "мөс"-ийг хураан авчээ.

Г.Доржханд

 

相关新闻