Дундговь аймаг мичин жилийн аварга малчдаа шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймаг аварга малчдаа шалгарууллаа. Улсын сайн малчныг Аварга малчин болгож өөрчилсөнтэй холбогдуулан өнгөрсөн сард аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Аймгийн сайн малчин шалгаруулах” журмыг шинэчлэн баталсан. Шинэчилсэн журамд заасан болзолыг хангаж 15 малчин “Дундговь аймгийн аварга Малчин” цол тэмдгийг гардан авахаар болов.
Шинэ журмаар аймгийн аварга малчин шалгаруулахдаа сумын аварга малчин болсноос хойш 3 жилийн ажлын нь үзүүлэлтийг харгалзана. Ингэхдээ малын индексжүүлсэн даатгалд хонин толгойд шилжүүлснээр мал сүргийнхээ 20- иос доошгүй хувийг хамруулсан байх, удам гарвал нь тодорхой, ашиг шим өндөр 30- аас доошгүй толгой үржлийн малыг иргэд, аж ахуйн нэгжид жил бүр борлуулж, хандивласан, сүрэгт эзлэх хээлтэгч бог малд 55, бодод 40- өөс доошгүй хувьд хүрсэн, нийт сүрэгт ямааны эзлэх хувь гучаас хэтрээгүй, эр сувай малын хориос доошгүй хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан байх зэргээр 18 шалгуур үзүүлэлтийг тусгажээ. “Аймгийн аварга малчин”- д сумаас тодорхойлсон малчдын материалыг ХХАА- н газар нэг бүрчлэн хянаж үзээд хамгийн өндөр үзүүлэлт бүхий малчдыг аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг шалгаруулдаг байх юм.
Энэ удаад аймгийн Аварга малчнаар Эрдэнэдалай сумын 1- р багийн малчин Г. Наранбаатар, П. Энхбат, Сайнцагаан сумын 1-р багийн малчин Ш. Болдбаатар, 3-р багийн О. Баттөмөр, Говь- Угтаал сумын 1-р багийн малчин А. Мөнхбат, Дэлгэрцогт сумын 1-р багийн малчин Ж. Баатарчулуун, Адаацаг сумын 2- р багийн малчин Н. Түвшинбаяр, Дэлгэрхангай сумын 4-р багийн малчин Х. Баттүвшин, Сайхан- Овоо сумын 4-р багийн малчин Д. Ойдов, Өндөршил сумын 1-р багийн малчин Э. Алтанхуяг, Баянжаргалан сумын 2-р багийн малчин Б. Чанарав, Луус сумын Суварга багийн малчин М. Мандах- Эрдэнэ, Дэрэн сумын 2-р багийн малчин С. Доржсамба, Хулд сумын 1-р багийн малчин Д. Ганбат, Гурвансайхан сумын 2- р багийн малчин Ж. Өлзийбат нар тус тус шалгарлаа.
Аварга малчдын цол тэмдэгийг сар шинийн баярын өмнөхөн аймгийн удирдлагууд гардуулна. Журамд заасны дагуу аварга малчны цол тэмдгийг тус бүр 800 мянган төгрөгийн үнэ бүхий шагнал дагалдах ажээ.
Т. Отгонтуяа