Афганистан болон Пакистанд 100 гаруй хүн цасан нурангинд дарагдан амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНКАБУЛ. /VOA/. Афганистан болон Пакистанд их хэмжээний цас орж, цасан нуранги үүссэний улмаас 100 гаруй хүн амиа алдаад байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Пакистантай хиллэдэг Афганистаны Нуристан мужид цасан нуранги үүссэний улмаас нэгэн тосгоны 53 оршин суугч амиа алджээ.
Мөн өдөр Пакистаны хойд нутагт 30 хүн цасан нурангинд дарагдан амиа алдсан байна.
Цасан нурангинд олон арван байшин дарагдаж, цасанд дарагдсан автомашинууд дотор олон хүн хөлдөж үхсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл иржээ.
Афганистаны нийслэл Кабул хотын хойд хэсэгт ч цасан нуранги үүссэн байна.
Тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “цасан нурангинд хоёр тосгон бүрэн дарагдсан” гэлээ.
Цаг агаарын байдал тогтворгүй, зам даваа хаагдсан учир аврагчид цасанд боогдсон хүмүүст хүрч очиход хүндрэлтэй байна.
Цас их орж, нисэх-буух зурвас хальтиргаатай байгаа учир Кабул хотын олон улсын нисэх онгоцны буудлыг хаажээ.
Цаашид цасан шуурга үргэлжилж, дахин цасан нуранги үүсч болзошгүй гэж албаны хүмүүс анхаарууллаа.
Г.Доржханд