Засаг даргын мөрийн хөтөлбөр танилцуулж,иргэдийн саналыг сонсож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг тус аймгийнхаа Ховд, Эрдэнэбүрэн суманд ажиллаж сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Б.Гантөмөр, аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Одонпүрэв болон холбогдох хэлтэс агентлагийн мэргэжилтнүүд ажиллаа.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди уулзалтад хүрэлцэн ирсэн иргэд, хөдөлмөрчид болон төрийн албан хаагчдад хандан” Нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өмнөх уламжлалт шинж чанарыг хадгалахын зэрэгцээ иргэдийн санал бодол дээр тулгуурлан орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хурдацтай, илүү дэвшилттэй болгож шинэ түвшинд хүргэхийг зорьж байна” гэлээ.
Ажлын хэсэг цаг үетэйгээ нийцсэн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, аймгийн ИТХ-ын байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, ИТХ-ын 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажил, шинэ санал санаачлага болоод 2016-2020 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, зорилго чиглэлийн талаар мэдээлэл өглөө.
Мөн аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, сумын удирдлагууд иргэдийн санал бодлыг сонсон, сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.
Энэхүү уулзалтын дараа Ховд, Эрдэнэбүрэн сумдын удирдлагууд ажлын хэсгийг Нутгийн удирдлагын ордондоо хүлээн авч уулзан 2016 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар болон цаашид сумандаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, өвөлжилтийн талаар мэдээлэл солилцлоо.
Аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх хөтөлбөрийг ард иргэдэд танилцуулж иргэдийн санал бодлыг сонсох үүднээс аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хоёр хэсэг Ховд аймгийн 16 суманд ажиллаж байна.
А.Бямбасүрэн