Шадар сайд Баянгол сумын удирдлагуудад үүрэг өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭМонгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх Баянгол суманд энэ сарын 02-ны үдээс хойш ажиллаж, сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан тус сумын онцгой комиссын өргөтгөсөн хуралд оролцсон юм.
Тэрээр хуралд оролцох үедээ сумын удирдлагуудад хандаж хэд хэдэн үүрэг даалгавруудыг онцгойлон өгсөн байна. Тухайлбал:
-Засгийн газраас олгосон өвс, тэжээл, хүмүүнлэгийн тусламжийн барааг нэн шаардлагатай өвөлжилт хүндэрсэн өрхүүдэд хүргэхэд хяналт тавьж ажиллах
-Байгалийн гэнэтийн аюулаас хүн амын аюулгүй байдлыг хангаж, төр төсвийн байгууллагын албан хаагчдыг татан оролцуулах
-Сумын онцгой комисс 14 хоногт нэг удаа нөхцөл байдлын талаар хуралдаж байх. Хүний төлөө сэтгэл гаргаж, зохион байгуулалттай, хариуцлагатай ажиллах.
-Хүн амын эрүүл мэндэд онцгой анхаарах, ялангуяа эх хүүхдийн эндэгдэлгүй байх. Хаана эмнэлгийн үйлчилгээ хэрэгтэй байна тэнд хүрч ажиллах.
-Амьжиргааны түвшин муу байгаа айл өрхүүдийн мэдээллийн сантай болох. Мөн тэдэнтэй холбоотой байх. Төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллахыг үүрэг болгожээ.
Улсын онцгой комиссын зүгээс Баянгол суманд 30 тн тэжээл, 40 тн өвсийг хуваарилсныг гардууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь иргэдэд Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг хүргэжээ. Шадар сайд У.Хүрэлсэх болон түүний ажлын алба хурлын дараа Баянгол сум дахь ургамлын тосны “Майнд Тэч” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан байна. Шадар сайд Баянгол суманд ажиллах үеэрээ тус сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн дарга Н.Даваанямыг ХХАА-н тэргүүний ажилтан цол тэмдэгээр, мөн ЕБС-ийн багш П.Баярцэцэгийг Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасныг гардуулан өгчээ.
Ч.Отгонцэцэг