Шинэ пуужин туршсан нь Трампад сануулга өгөх гэсэн хэрэг биш
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРХОНКОНГ. /TASS/. Хятад улс 10 ширхэг цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасах баллистик пуужинг туршсан нь төлөвлөгөөт туршилт байсан бөгөөд АНУ-ын засаг захиргаа солигдсонтой холбоогүй, Дональд Трампад анхааруулга өгөх зорилгогүй аж. Ийм дүгнэлтийг Хятадын цэргийн шинжээч хийснийг “Саут Чайна морнинг пост” сонинд нийтэлжээ.
“Ийм шийдвэр гаргасан нь Трамп албан тушаалдаа орсонтой холбоогүй” гэж Хятадын Ардын чөлөөлөх армийн удирдлагад ойрхон байдаг нэрээ хэлэхийг хүсээгүй шинжээч дүгнэсэн байна. Пуужин турших бэлтгэл ажил олон сарын өмнөөс эхэлжээ. “Тив алгасах цөмийн баллистик пуужинг туршихын тулд хамгийн өндөр дээд түвшний удирдлага буюу БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Энэ байгууллагаас зөвшөөрөл авч, зохих бэлтгэлийг хангахад дор хаяж нэг жилийн хугацаа шаардлагатай" гэж эх сурвалж тодруулсан байна.
Хятад улс шинэ пуужин туршсан талаар Америкийн “Вашингтон фри бикон” цахим хуудсанд Пентагоны эх сурвалжийг иш татан мэдээлжээ. Шинээр туршсан DF-5C нь DF-5 пуужингийн сайжруулсан хувилбар бөгөөд цөмийн цэнэг тээх боломжтой аж.
Америкийн эх сурвалжийн мэдээлснээр, пуужинг хойд Хятадын Шаньси муж дахь "Тайюань" сансрын буудлаас хөөргөжээ. Уг пуужин тусгайлан онилох 10 байлдааны блокийг тээвэрлэдэг ба эдгээр блокууд нь Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Такла-Макан цөлд орших туршилтын талбай дахь байг онож сөнөөсөн байна.
DF-5 нь хоёр шатлалтай, шингэн түлшээр ажилладаг тив алгасах пуужин юм. Загвараасаа хамаараад энэ ангиллын пуужингийн тусгал нь 12-15 мянган километрт хүрдэг байна.
О.Барс