IKEA компани Сирийн дүрвэгсдийг ажлаар хангана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-02-01 16:26:17

НЬЮ-ЙОРК. /TASS/. IKEA компани Иорданы нутаг дэвсгэр дээр оршин суудаг 200 орчим Сирийн дүрвэгсэдийг хивс, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн сүлжээнд хамруулан ажил хөдөлмөртэй болгохоор төлөвлөжээ.

1-р сарын 31-ны мягмар гарагт CNN телекомпанийн мэдээлснээр тодорхой тооны багц бүтээгдэхүүнийг 2019 онд үйлдвэрлэн гаргаж эхлэх юм байна.

“Сирийн хямрал бол өнөө цагийн том эмгэнэл юм. Иордан улс Сирийн дүрвэгсдийг хүлээн авч байрлуулах үүргийг хүлээсэн” гэж IKEA компанийн топ менежер Йеспер Бродин хэллээ.

Түүний хэлснээр, Сирийн дүрвэгсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Иордантай худалдааны хэлэлцээр байгуулсан Ойрхи Дорнодын улс орнуудад борлуулахаар төлөвлөж байгаа аж. Ихэнх нь эмэгтэйчүүд болох шинэ ажилтнуудын ажлын цагийн хуваарийг уян хатан байлгаж, тэдэнд үр хүүхдээ асрах цаг зав олгохоор төлөвлөжээ.

НҮБ-ын мэдээлэлд дурдсанаар, Иордан улсад Сирийн 655 мянган иргэн амьдарч байгаа бөгөөд тэднээс 37 мянга орчим хүнд ажил эрхлэх зөвшөөрөл олгожээ.

1943 онд Ингвар Кампрадын байгуулж байсан Шведийн IKEA компани нь тавилга, гэр ахуйн бараа борлуулах дэлхийн хамгийн том худалдааны сүлжээг эзэмшдэг. Мөн тус сүлжээ нь өөрийн гэсэн интернет дэлгүүртэй ажээ.

О. Барс

 

相关新闻