Чөлөөт бөхийн аймгийн аваргын тэмцээнд 600 тамирчин оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД2017 оны өсвөрийн Жүдо, Самбо, Чөлөөт бөхийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд эхэллээ.
Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Биеийн тамир спортын газрын дарга Г.Цэдэнбал нар оролцов. 20 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байгаа Өсвөрийн аймгийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн БТСГ-ын түүхт 70 жилийн ойг угтан явагдаж байгаа юм.
Тэмцээнд тус аймгийн 17 сум, Жаргалант сумын 7 сургуулийн 8-17 насны 600 гаруй тамирчид 277 багц медалийн төлөө Жүдо, Самбо, Чөлөөт бөхийн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Уг тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди багш, дасгалжуулагч, тамирчдад хандан”1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа спортын энэ төрлөөс нутгийнхаа нэрийг өндөрт гаргасан спортын олон алдартнууд төрөн гарсан нь Ховдчуудын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бахархам амжилт болохыг дурьдлаа.
Өнгөрсөн 2016 онд Дэлхийн аваргаас н.Туул мөнгөн медаль, Азийн хүүхдийн их наадмаас н.Саруул алтан медаль, Жүдогийн өсвөрийн улсын уралдаанаас Туул, Саруул, Анужин нар алтан медаль хүртэж Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан юм.
Биеийн тамир спортыг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Аваргууд хөтөлбөр” тусгагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэдийг биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцлийг сайжруулан, тамирчдыг бэлтгэл сургуулилтаар хангах,уралдаан тэмцээнд оролцуулах боломжийг хангах олон ажил хийхээр төлөвлөж байгааг энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга онцоллоо.
А.Бямбасүрэн