ЮНИСЕФ-т 3.3 тэрбум доллар хэрэгтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-02-01 13:04:00

ЖЕНЕВ. /Anadolu/. Дэлхийн 50 орчим улс орны 48 сая хүүхдэд туслахад зориулан 3.3 тэрбум доллар хандивлахыг НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ уриаллаа.

Энэ мөнгөний 40 хувийг Сирийн дүрвэгчдийн хямралд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслахад зарцуулах аж.

ЮНИСЕФ-ийн “Хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн ажиллагаа” тайланд дурдсанаар, 2017 онд дээрх 50 орчим улс оронд 7.5 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байна.

Зөвхөн Сирийн хүүхдүүдэд туслахад 354 сая доллар хэрэгтэй байгаа аж.

Европ дахь дүрвэгч, цагаачдын хямрал

Өнгөрсөн онд Европт 350 мянга орчим дүрвэгч болон цагаач ирснийг ЮНИСЕФ онцлон тэмдэглээд “далай тэнгис гатлан Грек болон Италид ирсэн хүмүүсийн бараг тал хувь нь хүүхдүүд байна. Тэдний ихэнх нь Сири болон Афганистанаас ирсэн” гэв.

Сирийн хөрш улс орнуудад тус улсын 4.8 сая гаруй иргэн толгой хоргодож байгаагийн 2.2 сая гаруй нь хүүхэд ажээ.

Мөн зэвсэгт мөргөлдөөнд автсан Иракийн 11 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна. ЮНИСЕФ-ийн мэдэгдсэнээр, байлдааны ажиллагааны улмаас тус улсад 3 сая гаруй хүн, тэдний дотор 1.4 сая хүүхэд орон гэрээсээ дүрвэжээ.

Г.Доржханд

 

相关新闻