"Насны хишиг"-ийн бүртгэл маргааш орон даяар эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-01-31 18:19:57

УИХ-аас 65-аас дээш насны ахмадуудад жилд  хоёр удаа насны хишиг олгох Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.

Ахмадууд энэхүү хишгийг авахын тулд хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандах юм. 

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, "Хууль батлагдсанаар 65-69 настанд 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настанд 150 мянга, 90 түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийг цагаан сар, улсын баяр наадмаар буюу жилд хоёр удаа насны хишиг болгон олгохоор болсон.

Оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандахаас гадна итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж хандаж болно. Иргэний үнэмлэх нь нотолгоо болох юм.

Насны хишиг авах өргөдлийн маягтыг бөглөснөөр банкаар мөнгөө дамжуулан авна. Тухайн банк насны хишгийг өндөр насны тэтгэврийн зээл болон бусад зээл, зээлийн хүүнд суутган авах хориотой.

Энэхүү зардалд зориулж 2017 оны улсын төсөвт 20.5 тэрбум төгрөг тусгасан. Энэ жил нийтдээ 122 мянга орчим ахмад хамрагдах тооцоо гарсан.

Ахмад настны тухай хууль нь ахмадуудын нийгмийн хамгааллаас гадна эрүүл мэндийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих, амьжиргааг тэтгэх, хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах гээд олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн хууль болсон" гэсэн тайлбарыг өглөө.

Б.Туул

 

相关新闻