С.Эрдэнэ: “Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувь эрсдэлд ороод байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.
Бүлгийн хуралдаанаар “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний асуудлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн өөрчлөлт, Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл, Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн авч хэлэлцээд саналаа нэгтгэсэн байна. Хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийв.
Тэрбээр, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьд ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа гэж үзвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудал яригдахгүй байна. Тус үйлдвэрт ил далд бизнесийн шахаа хийдэг гэдэг. Тиймээс энэ талаар шалгах шаардлагатай гэж үзэж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг болон мөн 51 хувийг иж бүрнээр нь шалгах ажлын хэсэг гаргах саналыг манай бүлгээс гаргаж байна.
Цагдаагийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох гэж байна. Тус хуулийн төсөлтэй холбоотой мэдээллийг бүлгийн хуралдаанаар сонслоо. Ингээд Цагдаагийн албан хаагчдын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр сууринд хүрсэн. Түүнчлэн Дотоодын цэргийн тухай хуулиар тайлбар авлаа" хэмээв.
Бүлгийн дарга С.Эрдэнийн мэдээллийн дараа сэтгүүлч “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьд ямар байр суурьтай байна вэ" гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад тэрбээр “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монголын талд ирснийг дэмжиж байна. Одоо хуулийн байгууллагаар шалгуулж, эцэслэн тогтоох ёстой. 49 хувийг салгаж яриад байх юм. 51 хувийг мартаж болохгүй. 51 хувь нь илүү эрсдэлд ороод байна" гэсэн тайлбар хийлээ.
Б.Туул