"Харилцан тохиролцох" санамж бичиг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВДэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Флип Эверт тэргүүтэй төлөөлөгчид Төв аймагт айлчиллаа. Айлчлалын үеэр төлөөлөгчид Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын зүгээс хийж хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнг хэлэлцэж цаашид Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай 2017-2021 онд хэрэгжүүлэх ажлынхаа талаар харилцан тохиролцох санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дэлхийн Зөн олон улсын байгууллага Төв аймагт дахь салбараа 2004 онд анх нээсэн үеэс хойш Эдийн засаг, Боловсрол, Хүүхэд ивээн тэтгэх төсөл, Өрхийн эдийн засгийг дэмжих төсөл, зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Сүүлийн таван жилд гэхэд Төв аймагт есөн төрлийн төсөл хөтөлбөрүүдийг 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлсэн байна.
Мөн тус салбар байгууллагын “Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-т Төв аймгийн Зуунмод, Жаргалант, Батсүмбэр, Сүмбэр, Баянчандмань, Борнуур зэрэг зорилтот зургаан сум хамрагдаж төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Цаашид зургаан суманд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах бөгөөд жилийн 500-700 мянган ам.долларын санхүүжилтээр төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.
“Бид бодитой үр дүнд хүрч Төв аймгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр болж ажиллана” хэмээн Дэлхийн Олон улсын байгууллагын хөтөлбөрийн менежер О.Алтангэрэл хэлсэн юм.
Т.Есүхэйтөмөр