Ур чадвартай багшаар заалгаж байгаа учраас бид хичээлдээ дуртай байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-30 11:59:42

Ховд аймгийн Цаст-Алтай сургуулийн Б.Цэцэгмаа багштай 11 “б” ангийн хамт олон “Монголын сайхан бичигтэн” улсын  уралдааны тэргүүн байранд шалгарсанд, сургууль хамт олон болон Ховд аймгийн ИТХ,ЗДТГ, Ховд аймгийн Боловсрол Соёл урлагийн газар Үндсэн хуулийн 25 жилийн ойн баярын хурлын үеэр хүндэтгэл үзүүлсэн юм.

Үндэсний өв соёлоороо бахархах, дээдлэх, хойч үедээ өвлүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан “Монголын сайхан бичигтэн” улсын 20 дугаар уралдаанд Ховд аймгийн Цаст-Алтай сургуулийн 11-ийн “б”  анги хамт олон тэргүүн байр эзэллээ.

Энэхүү уралдаан нь 18 жил дараалан Монгол бичгийн уран бичлэгийн Дунд буюу 8-9 дүгээр ангийн төрөл, 12 дугаар ангийн ганцаарчилсан төрөл, Багш нарын төрөл гэсэн ангилалтайгаар” Монголын сайхан бичигтэн”- ийг  шалгаруулж байсан бол 2015 оноос эхлэн "Монголын сайхан бичигтэн анги хамт  олон" гэсэн шинэ номинац  нэмэгдэж нийт  дөрвөн ангиллаар явагддаг болсон юм.

Үндэсний  хэмжээнд  хамгийн нэр хүнд, ач холбогдол өндөртэй тус уралдааны Анги  хамт олны  төрөлд  аймгийн Цаст-Алтай сургуулийн Монгол хэл, бичгийн багш Б.Цэцэгмаагийн бэлтгэсэн  11 “б” ангийн 25 сурагч оролцож  Уран бичлэгийн ур чадвараараа “Монголын сайхан бичигтэн анги”-иар тодорч Монгол Улсын Ерөнхий сайдаас батламж, өргөмжлөл, 200.000 төгрөгийн мөнгөн шагнал гардан авсан байна. Ангийн багш  Монгол хэл, бичгийн багш Б.Цэцэгмаа “Монголын сайхан бичигтэн багш” болж гадаадад аялах эрхээр шагнуулжээ.

Уг  Уралдаанд  11 “б “ ангийнхан Их зохиолч Д.Нацагдоржийн “Хавар” шүлгийг Монгол бичгээр сийрүүлж, бичлэгийн хэвээ баталгаажуулах  үүднээс  “Үүл” хэмээх шүлгийг мөн сийрүүлсэн аж.

“Монголын сайхан бичигтэн” улсын 20 дугаар уралдааны дүнг гаргахдаа Анги хамт олны тухайн эхийг Монгол үсгээр  сийрүүлэхдээ  ямар ч алдаагүй зөв, нэгэн жигд, хичээнгүй цэвэр бичсэн эсэх, сурагчдын Монгол бичгийн бичлэгийн  тогтсон арга барил, зурлага, татлагын  хэв маяг, стандарт дүрмийг харгалзан  үзсэн байна.

Онцлоход: Монгол бичгийн шилдэг сургалттай Цаст-Алтай сургуулийн 11 “б”  ангийн сурагч Л.Болоруянга  2014 онд “Монголын сайхан бичигтэн” улсын  уралдааны дунд буюу 8-9 дүгээр ангийн ганцаарчилсан  төрөлд оролцож  тэргүүн байранд  шалгарч байсан юм.

Мөн  2015 онд  11 “б “ ангийнхан  хамт олноороо Монгол бичгийн “Ертөнц төв”-өөс  зохион байгуулсан “Үндэсний өв соёлыг  түгээгч, тээгч“ уралдаанд оролцож тэргүүн байрны эзэд болжээ. Тус уралдаан  хичээнгүй Монгол бичиг, түргэн уншлагаар сурагчдыг дүгнэсэн байна.

Ингээд 11 “б “ ангийнхан Монгол улсын  хэмжээнд  ач  холбогдол өндөртэй хоёр  томоохон  уралдааны “Аварга анги” болж  үндэсний бахархалт Монгол бичгийг “Брэнд” болгож байна.

Монголын сайхан бичигтнээр шалгарсан Цаст-Алтай сургуулийн 11 "б"ангийн сурагчдын сэтгэгдэлээс хуваалцлаа.

Сурагч Л.Болоруянга: Манай ангийнхан 6 дугаар ангиасаа эхлэн Монгол бичгийн хичээлд шамдан суралцаж ирсэн. Миний хувьд Үндэсний өв соёлыг судалж, үлгэр жишээ суралцахын ач холбогдлыг таниулж яваа энэ ангийн нэгээхэн хэсэг, манлайлал болж яваадаа баярладаг. Мөн бидний амжилтын гол хөдөлгүүр  болсон Монгол хэл бичгийн Б.Цэцэгмаа багшдаа маш их баярлалаа. Сайн ур чадвартай багшаараа  заалгаж байгаа учраас  хичээлдээ бид  дуртай, багш маань бас  шавь нартаа хайртай байдаг. Багшаас минь их сайхан  дулаан илч мэдрэгддэг.  Цаашид манай ангийнхан олон уралдаан  тэмцээнд оролцож шилдэг нь байх болно.

Сурагч н.Энхжин “Манай ангийнхан бүгдээрээ бичгийн хэв сайтай. Үндэсний соёлын илэрхийлэл болсон  Монгол бичгээрээ их сайхан бичдэг,  сайн уншдаг.  Анги хамт олны минь энэ амжилтанд багшаас гадна Л.Болор-Уянга, Эрдэнэсолонго, Эрдэнэзаяа нарын “Сайхан бичигтэн” найзуудын маань авъяас чадвар том дэм, гол хөшүүрэг болж  өгсөн гэж боддог.

Б.Цэцэгмаа багшийн ангийнхан Монголын сайхан бичигтэн анги хамт олон болсон амжилтаа бататган үе тэнгийнхэн болон аймгийн хэмжээнд зохион байгуулагддаг уралдаан тэмцээнд монгол бичгийн хичээлийн цэвэр хичээнгүй  бичиг, түргэн уншлага, өөрсдийн арга туршлагаа бусадтай хуваалцдаг. Тухайлбал сургууль дээрээ  их зохиолч Д.Нацагдоржийн шүлгүүдийг цэвэр гоё бичиж, дөрвөн улирлын өнгөөр ялгаж бичсэн нь хүн бүхний сонирхол татдаг. Аймгийн хэмжээнд бүх сургуулиудын дунд зохион байгуулсан авьяаслаг сургууль шалгаруулах уралдаанд тус ангийнхан   бүх нийтийн боловсролд зориулан  монгол бичгээр бичсэн бэлэг дурсгалын зүйлээр үзэсгэлэн гаргаж оролцож байсан нь оролцогчдын сонирхлыг татаж байсан юм. 

А.Бямбасүрэн

相关新闻