Үнэ тарифын талаар иргэдийн саналыг авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-29 17:39:07

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Дархан хотын Захирагчийн албатай хамтарч “Дархан-Уул аймгийн Эрчим хүч, Усан хангамжийн байгууллагуудын өнөөгийн байдал ба хэрэглэгчдийн үнэлэмж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.

Эрчим хүчний байгууллагуудын үйлчилгээ болон үнэ тарифын тухай иргэдийн саналыг авч цаашдын ажилдаа тусгах зорилгоор уг хэлэлцүүлгийг явуулсан юм.

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга А.Янжмаа, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, Дархан-Ус суваг ХК-ийн Үйлдвэр технологийн хэлтсийн дарга Д.Батжаргал, Орон сууцны албаны дарга Б.Ганбаяр, “Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Гэрээ борлуулалтын албаны дарга Ш.Отгонтуяа, Ашиглалтын албаны дарга Т.Болор-Эрдэнэ, Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Дэд Захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Батжаргал, Дархан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга М.Навчаа, Хяналтын албаны дарга П.Пүрэвсүрэн, Дархан сумын багуудын ИНХ, Засаг дарга, иргэдийн төлөөлөл зэрэг 50 гаруй хүн оролцлоо.

Мөн үеэр оролцогчид өөрийн байгууллагын үйл ажиллагаа болон хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээ, үнэ тарифын талаарх мэдээллийг хэлэлцүүлэгт оролцогчдод хүргэж иргэдийн асуултад хариулт өглөө. Түүнчлэн оролцогчид тус аймгийн эрчим хүчний байгууллагуудыг сайн ажиллаж байгааг дурдаад “Ухаалаг тоолуур” нэвтрүүлсэн нь сайшаалтай боловч цахилгааны төлбөр урьдынхаас харьцангуй өндөр гардаг болсон шалтгааныг тодруулан шийдвэрлэж төлбөрийг нь сар бүрийн 20-ноос хойш буюу иргэдийн цалин, тэтгэвэр буух хугацааг харгалзан тохируулж авч байх санал гаргалаа. Дархан сумын долдугаар багийн гуравдугаар гудамжны эрчим хүчинд холбогдоогүй 20 гаруй айлд ойрын хугацаанд цахилгааны агаарын шугам татаж өгнө гэдгээ ДСЦТС ХК-ийнхан хэллээ. Мөн хэрэглээний халуун усны температурыг тохируулах, шөнийн тарифын хэрэглээ зэрэг олон асуудлыг хөндөж ярилцсан юм. “Иргэдийн асуулт нэг бүрт хариулт өгч гаргасан саналуудыг эрчим хүчний байгууллагуудын үйл ажиллагаанд тусгаж ажил хэрэг болгоход хэлэлцүүлгийн маань зорилго оршиж байна” гэж Иргэний танхимын дарга А.Янжмаа онцлоод иргэдийн гаргасан зарим саналуудыг холбогдох байгууллагад нь уламжилж дараагийн долоо хоногт багтааж хариу өгнө гэлээ.

                                                                                                                                                         Б.Норовсамбуу

相关新闻