Ахмадын байгууллагууд хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-27 22:15:27

Монгол Улсын Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг, нийслэлийн Багануур дүүргийн ахмадын хороод, ОХУ-ын Буриад Улсын Ахмадын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд болсон энэхүү үйл ажиллагаагаар ОХУ-ын Буриад Улсын Ахмадын хороон дарга Очиров.Ц.Р, Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Ахмадын хороон дарга Р.Ганхуяг, Дархан-Уул аймгийн Ахмадын хороон дарга Д.Энхтайван, Орхон аймгийн Ахмадын хороон дарга М.Амаржаргал, нийслэлийн Багануур дүүргийн Ахмадын хороон дарга Ж.Мядаг 2017-2019 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Энэхүү гэрээ нь хоёр дахь удаагаа байгуулж байгаа бөгөөд өмнө нь 2015 онд тус төвийн бүсийн аймгуудын ахмадын байгууллагууд, Хиагтын районтой анхны гэрээгээ байгуулж, үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсэн ажээ. Хамтын гэрээг орос талдаа Буриад Улсын Хиагтын ройны дарга А.В.Буянтуев, Монгол талдаа аймгуудын Засаг дарга нар баталгаажуулдаг аж.

Гэрээнд тусгаснаар хоёр улсын ахмадууд харилцан амралт сувилалд амарч, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулан, тэмдэглэлт ой, тусгайлсан арга хэмжээнд хамрагддаг байна. Мөн бие биенээ дэмжиж, хөгжиж үерхэж нөхөрлөх гээд хүний ёсны сайхан үйл явц өрнөдөгт ахмадын хороодын дарга нар баяртай байв.

Тус гэрээ байгуулах ёслолын үеэр Сэлэнгэ аймгийн Ахмадын хороон дарга Р.Ганхуяг:-“Бид ОХУ-тай эртний найрсаг хамтын ажиллагаатай. Үүнийгээ бэхжүүлэх, өргөжүүлэх, ахмадуудаа хөгжүүлэх, амралт сувилалд харилцан солилцох, урлаг, спортоор өрсөлдөх гээд олон олон арга хэмжээг төлөвлөсөн гэрээнд гарын үсэг зурлаа. Бид Буриад Улсын Хиагтын районы дарга Буянтуяев, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нар бидний хамтын гэрээг хоёр талаас баталгаажуулж байна. Энэ гэрээ утга учиртай. Учир нь орос монгол ард түмний найрамдалт хамтын ажиллагааны үргэлжлэл гэж ойлгодог. Бид орос, буриад хүүхдүүдтэй хар багаасаа наадаж, үерхэж нөхөрлөж өссөн. Өнөөдөр ч маш ойрхон байж хамтарч ажиллаж байна. Энэ дашрамд бидний ажлыг дэмжиж тусалж байдаг аймаг орон нутгийн удирдлагууддаа баярлаж талархаж явдагаа илэрхийлье” хэмээлээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын хойд бүсийн аймгуудын Ахмадын хорооноос ОХУ-ын Буриад Улсын Ахмадын хорооны дарга Гармаев даргад хамтарч ажиллах санамж бичгийг хүргүүллээ. Ингэснээр зөвхөн Хиагтын районоор зогсохгүй Сэлэнгийский, Кабанчкий, Зэдийн районуудтай хамтын ажллагаагаа өргөжүүлэх өргөн боломж нээгдэх ажээ.

Өнгөрсөн хугацаанд ахмадуудын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Буриад Улсаас 100-гаад ахмад Сэлэнгэ аймагт ирж амарсан байна. Мөн Сэлэнгэ аймгаас 200-гаад ахмад Буриад Улсад очиж амарчээ. Түүнчлэн ахмадууд Халхын голын дайн, эх орны дайны ялалтын баяруудад харилцан оролцсон байна. Мөн Хиагтын районд болдог “Сур харваан” наадамд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг сүүлийн 3 жил дарааллан очиж амжилттай оролцож байгаа гэнэ. Манай үндэсний их баяр наадамд Буриадын төлөөлөгчид ирж оролцдог гээд арга хэмжээ улам өрөгжин тэлж, оролцох хүмүүсийн тоо жил жилээр нэмэгдэж байгаа ажээ. Хөрш хоёр аймгийн ахмадууд зөвхөн баяр ёслолын хүрээнд биш, харилцан бие биендээ туслах, амьдралд нь, сэтгэл санаанд нь бусад хэлбэрээр дэмжих үйл явц бас болдог аж.

Гэрээ үзэглэх үеэр Буриад улсын Хиагтын районы Ахмадын хороон дарга Очиров.Ц.Р:-Сэлэнгэчүүд та бүхнийхээ амар мэндийг эрэн мэндчилье. Өнөөдөр 4 аймгийн Ахмадын байгууллагын дарга нартай хамтын гэрээ байгууллаа. Энэ нь манай хоёр гүрний ахмадуудын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлж, найз нөхдийн холбоог өргөжүүлсэн өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа юм. Бид ахмад өндөр настнууддаа ашиг тусаа өгөх, хамтарч хөгжих олон сайхан ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, найрсаг хамтын ажиллагаа маань мандан бадрах болтугай. Ахмадууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Ч.Отгонцэцэг

相关新闻