Био Комбинатын үйлдвэрлэж буй вакцины чанарыг дээшлүүлэх хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-25 13:11:14

УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5.5 дугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг анх 1993 онд баталж, таван удаа өөрчлөн найруулсан бөгөөд энэ хуулиар мал эмнэлгийн болон мал үржлийн асуудлыг зохицуулж байгаа юм. Зарчмын хувьд эрс ялгаатай хоёр үйлчилгээг нэг хуулиар зохицуулснаар мэргэжлийн үүрэг, хариуцлагын зааг ялгаа бүдгэрэх, салбар хооронд зөрчил үүсч байгааг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

Тэрбээр, “Салбар хоорондын зөрчлийг арилгах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийг хамгаалах тухай хуулийн төсөл хэмээн салгасан” гэлээ.

Хэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, зөвхөн мал, тэжээвэр амьтан бус зэрлэг амьтадын эрүүл мэнд, тандалт судалгааны асуудалд анхаарлаа хандуулахыг сануулсан. Зэрлэг амьтад хил дамнаж өвчин авч, түүнийгээ агаар, бэлчээрээр малд халдааж, улмаар хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байгаа хэмээв. Мөн тэрбээр Био Комбинатын үйл ажиллагааг сайжруулж, үйлдвэрлэж буй вакцины чанарыг дээшлүүлэх хэрэгтэй. Олон сая тун вакцин үйлдвэрлэдэг хэдий ч тоног төхөөрөмж нь хоцрогдсон, боловсон хүчний хүрэлцээ муу зэргээс үүдэн вакцины чанар муу байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Л.Элдэв-Очир нар хуулийн төсөлд найруулгын хувьд алдаатай заалтууд олон байгааг хэлээд, Ажлын хэсэг дараачийн хэлэлцүүлэгт оруулахаас өмнө нарийвчлан засч, боловсруулах хэрэгтэй хэмээсэн.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ нар хуулийн төслийг нэн даруй  баталж, малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд тодорхой алхам хийх шаардлагатай байгааг хэллээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, чуулганд танилцуулах болов.

Ч.Ариунболд

相关新闻