Д.Трампын тангарагийн ёслол түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй ёслол байлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-24 16:10:11

ВАШИНГТОН./VOA/.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслол нь түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тангараг өргөх ёслол байсан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мэдэгдлээ. Тэрбээр онлайнаар үзсэн хүмүүсийг үзэгчдийн тоонд оруулан тооцсоноо онцлон дурдав.

Даваа гарагт Цагаан ордонд анхны албан ёсны хэвлэлийн хурлаа хийх үеэр Спайсер энэ талаар ярьсан байна. 

Тэрбээр үүний өмнө өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт мэдэгдэл хийхдээ “Д.Трампын тангараг өргөх ёслол урьд урьдын ерөнхийлөгч нарынхаас хамгийн том нь боллоо. Д.Трампын тангараг өргөх ёслолыг Барак Обамагийн 2009 оны тангараг өргөх ёслолтой харьцуулахад цөөн хүн үзэж сонирхсон мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна” гэж байсан юм.

Та индэр дээрээс ямагт үнэнийг хэлж чадах уу? гэж түүнээс нэгэн сурвалжлагч асуухад тэрбээр “та бүхэнд хэзээ ч худал мэдээлэл өгөхгүй байх нь бидний зорилго” гэж хариулжээ.

Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдсэнээр, түүний тангараг өргөх ёслолыг 1.5 сая хүн үзжээ. Харин Ерөнхийлөгч Барак Обамагийн 2009 оны тангараг өргөх ёслолыг 1.2 сая хүн, 2013 оныхыг 750 мянга гаруй хүн үзэж байсан гэсэн тоо бий.

Г.Доржханд

 

 

相关新闻