“Олон нийтийн оролцоот сургууль” дэд төсөл хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД"Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн боловсролын салбарыг дэмжих зорилготойгоор 10 сургуулийг сонгон авч “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотоос “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн менежер А.Бүрэнжаргал, “Сургалт багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийн менежер М.Нарантуяа, Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн менежер Г.Оюунжаргал, хөтөлбөрийн ажилтан Б.Даваасүрэн нарын 4 хүний бүрэлдэхүүнтэй чиглүүлэгч, сургагч багш нар ирж ажиллаж байна. Тэд энэ сарын 23, 24-ний өдрүүдэд тус 10 сургуулийг хоёр бүсэд хуваан сургалт зэрэг эхлүүллээ. Тодруулбал, нэг бүсийнх нь сургалт аймгийн төв Жаргалант сумын 2,7,6 дугаар сургуулиуд эхэлж байна. Сургалтанд Жаргалант сумын 2, 6, 7 дугаар сургууль болон Мянгад, Ховд сумын сургууль тус бүр сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, нэг багш, эцэг эхийн төлөөлөл 2 хүн, орон нутгийн төлөөлөл хоёр хүн гээд нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй олон нийтийн оролцоот 5 баг болж оролцлоо.
Харин Хоёрдахь бүсийн сургалт Манхан суманд болж Булган сумын нэгдүгээр сургууль, Цэцэг, Чандмань, Мөнххайрхан, Манхан сум зэрэг таван сургуулийн дээрх 8 төлөөлөл буюу 40 хүн хамрагдсан юм.
Сургалтын гол зорилго нь нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх үүднээс сургуулиуд олон нийтийг өөрсдийн ажилдаа татан оруулах, сургуулийн үйл ажиллагаандаа стандартын дагуух үнэлгээ хийж үйл ажиллагааныхаа доголдолыг олж, практик аргаар асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байлаа.
Сургалтын хүрээнд сургууль тус бүрийн төлөөлөлүүд багаар ажиллаж сургуулийн ерөнхий стандарт үзүүлэлтийн дагуу үйл ажиллагаандаа үнэлгээг гаргаж, “Аалзны тор” хэмээх дасгалын үр дүнд сургуулийн доголдолтой болон давуу талыг тодорхойлж, цаашид юунд анхаарч, хэрхэн олон нийтийн оролцоотойгоор хөгжих боломж буйг тодорхойлж,тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх гарцыг сургууль тус бүр нээж чадлаа.
Жишээлбэл, Ховд сумын сургууль үйл ажиллагаандаа эцэг эхийн зөвлөлийг татан оролцуулж, тэдний үзэл, хандлагыг өөрчлөх дөрвөн шинэ алхамыг санаачлан гаргаж хэрэгжүүлэхээр болсон юм.
Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, дэлхийн банк хамтран “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж аймгийн ИТХ, ЗДТГ болон төр, хувийн хэвшлийн байгууллагууд, Боловсрол Соёл Урлагийн мэргэжилтэнгүүдийн төлөөллөөс бүрдсэн 30 хүнийг 3 өдрийн сургалтанд хамруулан, сургагч багшаар бэлтсэн юм.
А.Бямбасүрэн