"Хоёр хүүхэд" бодлого Хятадын ажиллах хүчний хямралыг шийдвэрлэхэд хангалтгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-23 15:20:29

БЭЭЖИН. /CNN/. БНХАУ-ын Засгийн газар “хоёр хүүхэд” бодлого баталснаар өнгөрсөн онд Хятадад өмнөх оныхтой харьцуулахад төрөлтийн тоо 1.3 саяар нэмэгдэн 17.86 саяд хүрчээ. Гэхдээ энэ бодлого нь хүн амын насжилт явагдаж, ажиллах хүчний тоо буурч байгаа өнөө үед асуудлыг шийвэрлэхэд хангалтгүй байна.

Шинэ хуулийн ачаар өнгөрсөн онд эх газрын Хятадад төрөлт 1993 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна. Гэхдээ эрх баригчид илүү ихийг хүлээж байжээ. Төрөлтөд тавих хяналтыг зөөлрүүлснээр 20 сая хүртэлх тооны хүүхэд төрнө гэж Хятадын Гэр бүл төлөвлөлтийн газар урьдчилан таамаглаж байсан аж.

Хятадад хүн амын өсөлтийг хянахын тулд хүчээр үр хөндөхийг зогсоосон тэр цагт л  нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж ажиглагчид үзэж байна.

“Нэг хүүхэд” гэдэг хатуу бодлогыг 30 гаруй жилийн турш хэрэгжүүлсэн учраас одоо хот суурин газарт амьдардаг хятадууд нэг хүүхэдтэй байхыг “норм” гэж үздэг болжээ.

Тус улсын хүн амын дунд хөгшрөлт хурдацтай явагдаж, ажиллах хүчний тоо буурсаар байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Хятад улсын Статистикийн ерөнхий газраас гаргасан мэдээлэлд дурдсанаар, тус улсын ажиллах хүчин буюу 16-59 насны иргэдийн тоо 2016 онд 3.49 саяар буурч, тэтгэврийн насныхны тоо 10.86 саяар нэмэгджээ.

Хүн амын тоо хурдацтай өсч, хүн амын нягтаршил эдийн засагт нь дарамт учруулах болсон учраас Хятад улс 1970-аад оны сүүлчээр “нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ.

Г.Доржханд

 

 

 

相关新闻