А.Энх-Учрал:Шантраад “болъё” гээд уйлж байсан удаа бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-23 14:22:12

МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг жил бүр орон даяар зохион байгуулдаг. 1997 оноос анх эхэлсэн энэ удаагийн уралдааны “Уран бичлэг”-ийн төрөлд тусгай байр эзэлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Х.Чойбалсангийн нэрэмжит Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн 11 “д” ангийн сурагч Ариунбатын Энх-Учралтай ярилцлаа.

-“Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны тусгай байрын шагнал хүртсэнд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Уралдааны ямар төрөлд, ямар бүтээлээр оролцов?

-9-11 дүгээр ангийн эсээ бичлэг, “Уран бичлэг”-ийн гэсэн 2 төрөлд бүтээлээ сойсон. Анх удаа оролцож байгаа болохоор байр эзэлнэ гэж үнэндээ санаагүй. Тэгээд ч “Уран бичлэг”-ийн төрөл нь зөвхөн насанд хүрэгчдийн ангилал байсан болохоор энэ төрөлд тусгай байр эзэлсэндээ баяртай байна. Миний хувьд “Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай” гэсэн үгийг бичиж явуулсан.

-Насанд хүрэгчдийн ангилал гэхлээр томчуудтай өрсөлдсөн байх нь ээ?

-Харин тийм ээ. Энэ ангиллын тэргүүн байрыг багш нар эзэлсэн. Надад бийрыг яаж барихаас эхлээд уран бичлэгийн “а” заасан багш маань хоёрдугаар байрт орсон. Уралдааны 7 ангилалд нийт 700 орчим хүн өрсөлдсөн юм билээ.

-Уран бичлэгийг хэдийнээс эхэлж сонирхов, анхны сэдэл хаанаас үүдэлтэй вэ?

-2013 оноос эхэлж бичсэн. Манай монгол хэл-уран зохиолын багш Д.Оюунжаргал “Чи монгол бичгээр цэвэрхэн бичиж байгаа юм чинь энэ авьяасаа улам бүр хөгжүүлэх хэрэгтэй” гэж зөвлөж нэлээн ч шахаж шаардсан. Аав, ээж хоёр маань багшийн зөвлөгөөг дэмжиж, зуны амралтаар намайг хотод ирүүлж мэргэжлийн багшид шавь оруулсан.

-Анхны захиалга чинь юу байв?

-Бэлэг дурсгалын зориулалтаар хүний нэр бичсэн. Тэр нь хар муутуу цаасан дээр шар боронзоор бичих захиалга байсан. Анх удаа боронзоор бичиж байгаа болохоор бэхнээс өөр, үсгийн шүдийг цэвэрхэн гаргах гээд маш нарийн мэдрэмж, авьяас шаардсан ажил байсан. Энэ захиалга дээр их ч цаг зарцуулж, маш олон цаас, боронз гарзадсан. Аав маань “болохгүй байна” гээд маш олон удаа бичүүлсэн. Сүүлдээ “би чадахгүй юм байна, болъё” гээд бүр уйлсан.

-Тэр бүтээл чинь захиалагч байгууллагад таалагдсан уу?

-Таалагдсан. “Гоё болжээ” гэдэг урмын үгийг анх удаа хөндлөнгийн хүмүүсээс сонссон нь тэр.

-Захиалга хэр ирдэг вэ?

-Бага сагаар ер нь тасрахгүй шүү. Баяр ёслолын үеэр захиалга нэмэгддэг юм билээ. Хүмүүс монгол үндэсний бичиг соёлоо их дээдэлдэг болсон байна. Сая шинэ жилээр нэлээн захиалгатай байсан шүү.

-Тэгэхээр бас хөөрхөн орлого олдог байх нь?

-Чамлахааргүй ээ, өөртөө хуримтлал үүсгээд хадгалж эхэлсэн. Заримдаа хичээлийн хэрэглэлдээ зарцуулна.

-Үгийн алдаа мадагийг хэнээр хянуулдаг вэ?

-Багшаасаа асууна, толь бичгээс харна.

-Ирэх жил сургуулиа төгсөнө. Цааш ямар мэргэжлээр сурах гэж байна?

-Би барилгын архитекторч болно гээд мэргэжлээ сонгочихсон. Уран бичлэгийн хувьд өөрийн хобби болгон түүнийгээ улам бүр хөгжүүлээд явах бодолтой байгаа.

-Ирэх жилийн “Монголын сайхан бичигтэн”-ий уралдаанд оролцох уу?

-Оролцоно. Уралдааны тэргүүн байр эзэлсэн 12 дугаар ангийн эгч нарыг хараад үнэхээр бахархах сэтгэгдэл төрсөн. Тэднийг МУИС, МУБИС-д төрийн сангийн тэтгэлгээр үнэ төлбөргүй сурах эрхээр шагнадаг юм билээ. Монгол хэл бичиг соёлыг хөгжүүлэхэд төрийн зүгээс үзүүлж буй том хувь нэмэр гэж ойлгосон. Зарим ангилалд тэргүүлсэн оролцогчид гадаадад аялах эрхээр шагнуулсан гээд ер нь шагналын сан нь өндөр санагдсан шүү.

-Улсын чанартай уралдаанд оролцсоноор эндээс юу мэдэж авав?

-Шагналаа өөрөө гардаж авсан болохоор уралдаанд ирүүлсэн материалыг нүдээр харах боломж олдсон. Эндээс цаашид санаа авахаар олон зүйл анзаарагдсан. Эсээ бичлэгийн төрөл гэхэд би зөвхөн цаасан дээр цэвэрхэн бичээд явуулсан. Тэгтэл тэргүүн байрын шагналтан хүүхэд түүнийгээ өнгө будгаар ялгаад бүтээл болгочихсон байх жишээтэй. Ер нь их эртээс бэлтгэдэг, сэтгэлгээ их шаардагдах юм байна лээ.

-Шагналаа хэнээс гардав?

-“Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяагаас гардсан.

-Үеийнхэндээ хандаж юу хэлмээр байна?

-Миний хувьд анх бийр барихад гар салганаж чичрээд их л хэцүү байсан. Хэцүү гэж шантралгүй зүтгэвэл болохгүй юм байхгүй. Тэгээд ч манай Монголын соёлын том өв болсон монгол бичиг соёлоо дээдэлцгээе гэж үеийнхэндээ уриалмаар байна.

 

                                                                                                                                  Б.Туяа

 

相关新闻