Хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн зохицуулалт оновчтой бус байгаа аж

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-20 23:27:34

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулсантай холбоотой хэмээн үзэж байгаа учраас хууль сурталчлах ажлыг аянжуулжээ.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг иргэдэд таниулан сурталчлах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль хэрэгжүүлэхэд оролцох төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад аяны зорилго чиглэгдэж байгаа аж. Түүнчлэн иргэдэд энэ талын мэдлэгийг олгох ажлыг шуурхайлах гэнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж эхэлсэн. Гэвч жил ирэх тутам хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болжээ. Иймээс Сэлэнгэ аймгийн Прокурорын  газраас өнөөдөр буюу 20-ны өдрөөс ирэх 3-р сарын 20-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай “Хүчирхийлэлд Үгүй гэж хэлье” аяныг санаачлан эхлүүлээд байна.

Аяны хүрээнд аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг, зөрчил зонхилон бүртгэгдсэн сумдын боловсролын байгууллага, аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын Засаг дарга, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудад хуулийн танилцуулга бүхий гарын авлагыг тарааж өгөх гэнэ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, үйлдэгдэж болзошгүй байдлыг мэдээллэх чиг үүргийн талаар болон хохирогчид нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх аж. Үүнийг багийн Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг гүйцэтгэх юм байна.

Тэд өрхийн эмч, багийн болон сургуулийн нийгмийн ажилтан, халамж, хүүхэд, гэр бүл, хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч нартай ярилцлага хийх зэргээр хамтарч ажиллахаар төлөвлөжээ.

Ч.Отгонцэцэг

相关新闻