Ховд аймаг, МонЭнКо ХХК-нийн хамтын ажиллагааны гэрээнд мониторинг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-20 11:53:18

“Ховдын толь” ТББ 2015 онд Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр Ховд аймгийн Дави суманд орших Хөшөөтийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж байгаа МонЭнКо ХХК болон Ховд аймгийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтэнд хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.

Хөндлөнгийн үнэлгээг “Хөшөөт төслийн хяналт, иргэдийн оролцоо төслийн хүрээнд хэрэгжсэн энэхүү мониторингоор дэд бүтцийг хөгжүүлэх,орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах талаарх талуудын үүргийн хэрэгжилтийг үнэлжээ. Мониторингоор хэрэгжилттэй холбоотой зөрчил, дутагдал, тэдгээрийн шалтгаан нөхцөлийг тодорхойлж, орон нутгийн иргэдийн оролцоог ханган, гэрээний хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах замаар цаашид гэрээ, түүний хэрэгжилт үр нөлөөг сайжруулахад чиглэсэн дүгнэлт, зөвлөмж гаргажээ.

Уг мониторингийн дүнг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулж олон нийтэд хүргэхийн сацуу гэрээний талуудтай уулзаж бас танилцуулсан байна.

Мониторингийн дүнгээс үзэхэд Ашигт малтмалын тухай хуульд 2006 онд оруулсан өөрчлөлтөөр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь орон нутагт байгаль орчныг хамгаалах,ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтэц хөгжүүлэх асуудлаар гэрээ байгуулан үүрэг хүлээсэн. Гэхдээ гэрээнд иргэний нийгэм, иргэдийн оролцоог орхигдуулснаас орон нутагт энэ нь харилцан адилгүй хэрэгжиж байна. Ерөнхийдөө гэрээ байгуулахгүй байх, байгуулсан ч хэрэгжүүлэхгүй, эсвэл нутгийн иргэдийн нийтлэг эрх ашгийг зөрчсөн нөхцөлүүд тусгах зэрэг тусгах зэрэг дүр зураг харагдаж байгаа юм. Ховд аймгийн хувьд гэрээний мэдээлэл олон нийтэд ил тод бус, хэрэгжилтийг хянах явцад иргэдийн оролцоо байхгүй, төдийгүй аймгийн зүгээс гэрээнийхээ хэрэгжилтийг бодитойгоор үнэлж, хяналт тавих чадавхи сул байсан байна. Тухайлбал төсөлд шаардлагатай бараа ажил үйлчилгээ, ажиллагсдын тоо зэрэг гэрээний хэрэгжилтийг хянахад шаардлагатай мэдээлэл судалгаа, тоо бүртгэл хөтлөөгүй зөвхөн компани буюу нэг талын тайлан мэдээлэлд тулгуурлан хэрэгжилтийг үнэлж ирсэн нь учир дутагдалтай.

Гэрээг байгуулахдаа аймгийн зүгээс тооцоо судалгаа хийгээгүй, холбогдох мэргэжлийн болон судалгааны байгууллагын төлөөлөл оролцуулаагүй учир гэрээнд анхнаасаа хэрэгжих боломжгүй заалтууд тусгагдсан нь сөргөөр нөлөөлжээ. Үүнд Компани нь байгаль орчныг хамгаалах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 35,37 дугаар зүйлийн биелэлтийг хангаж ажиллана. Компани нь байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөний хүрээнд хөрс хуулалт хийсэн талбайтай тэнцэхүйц хэмжээний газарт дүйцүүлэн ойжуулалт хийх ба уг газрын байршлыг Ховд аймаг тогтооно гэх мэт хамтран ажиллах гэрээний 11,1,11.6 дахь заалтууд хэрэгжих боломжгүй байна.

А.Бямбасүрэн

相关新闻