Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг санаачлагчид нь буцаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг авч хэлэлцээд хууль санаачлагчид нь буцаахаар болов.
2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэгдсэн хуулиар явуулсан. Энэ нь зарим талаараа учир дутагдалтай байна хэмээн үзэж, Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар зохион байгуулахаар болж нэр бүхий гишүүдээс хуулийн төсөл өргөн мэдүүлсэн юм. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг одоо мөрдөгдөж буй хуулийн зохицуулалтдаа хэрхэн хүчингүй болгох асуудлыг нарийвчлан тусгаагүй, хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 149 санал гарсан, хуулийг баталсан ч цаг хугацааны хувьд хэрэгжих боломжгүй боллоо хэмээн үзжээ.
Эл асуудлыг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо авч хэлэлцээд, дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар мөн хуулийн төслийг санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээ.
Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгдсэн хуулиар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг явуулсан хуулиар Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахаар болж байна.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн уг шийдвэртэй холбогдуулж, "Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн гэсэн гурван хуулийг тус тусад боловсруулах саналаа УИХ-д хүргүүлнэ. Одоогийн гаргаад буй 150 зарчмын зөрүүтэй саналыг тусгах болно" гэлээ.
Б.Туул