Б.Ганзориг: Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬТөрийн албаны зөвлөлөөс Дорноговь аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын сул орон тоог нөхөхөөр төрийн албаны шалгалтыг зарлажээ. Энэ тухай Дорноговь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзоригоос тодрууллаа.
-Дорноговь аймгийн төрийн албаны сул орон тоог нөхөхөөр хэдэн ажлын байранд шалгалт зарлав?
-Төрийн албаны зөвлөлөөс Дорноговь аймгийн нутгийн захиргааны байгууллагуудад шаардлагатай байгаа сул орон тоог нөхөх зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалт авахаар зарласан.
Шалгалтыг энэ оны хоёрдугаар сарын 09-10-нд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Шалгалтын зар Төрийн албаны зөвлөлийн https://www.csc.gov.mn/home сайтат нийтлэгдсэн байгаа. Төрийн албаны шалгалтыг өгөхөөр сонирхож байгаа иргэд гаргасан журмын дагуу бүртгүүлээд шалгалт өгөхөд нээлттэй. Дорноговь аймгийн хэмжээнд нийт 36 ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан. Шалгалтыг цахим хэлбэрээр авна.
-Шалгалт өгөхөөр бүртгүүлэх хүмүүс юу анхаарах вэ?
-Журамд заасны дагуу шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Төрийн албан хаагчийн анкет, мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт, иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт, авчирсан байх гээд журамд заасны дагуу шаардлагатай материалыг бүрдүүлнэ.
Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны Зөвлөлийн https://www.csc.gov.mn/home сайтаас авах боломжтой.
-Сүүлийн үед аймгийн ЗДТГ-аас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгөх үү?
-2017 он гарснаас хойш аймгийн ЗДТГ-аас цөөнгүй ажлыг зохион байгууллаа. Нэгдүгээр сарын 05-нд аймгийн Засаг дарга Ерөнхий сайд, Шадар сайд болон бүх яамдын сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Дээрх гэрээний дагуу нэгдүгээр сарын 16-нд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин агентлагийн болон сумдын Засаг дарга нартай 2017 онд төлөөлөн хэрэгжүүлэх ажил үйлчилгээ болон үр дүнгийн гэрээ байгууллаа. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнийг урьж сумдын ЗДТГ-ын дарга, хууль зүйн мэргэжилтнүүдэд хууль эрх зүйн чиглэлээр сургалт зохион байгуулсан.
Мөн шинээр хэрэгжиж байгаа Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэмжээ тогтоосон актын талаар Хууль зүйн яамны мэргэжилтнийг урьж эрх бүхий шийдвэр гаргадаг удирдах ажилтнууд болон сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, хууль зүйн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулсан.
-Аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай төлөөлөн хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ жилийн хувьд гэрээнд тусгасан онцлох ямар ажлууд байгаа бол? Тухайлбал, сумдууд руу чиглэсэн ажлын талаар?
-Дорноговь аймаг 2017 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгож зарласан. Дээрх зорилтын хүрээнд сум бүрт Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулж тодорхой санхүүжилтийг хуваарилсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хүн амын тоо, газар зүйн онцлог байдлаас шалтгаалж сумдад 100 сая орчмоос 250 орчим сая төгрөг хүртэл хуваарилсан байгаа.
Мөн орон сууц барих, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Өнгөрөгч 2016 онд Сайншанд болон Замын-Үүд суманд хямд өртөгтэй орон сууцыг барьж эхэлсэн.
Харин энэ оны тавдугаар сард Сайншанд сумын гуравдугаар багт хоёрдугаар ээлжийн 260 айлын орон сууцыг, долдугаар сард 260 айлын орон сууцыг долдугаар багт тус тус барьж эхэлнэ. Мөн хуучин орон сууцнуудын дээврийн засвар, дулаалгыг хийнэ. Зарим бүтээн байгуулалтын ажлуудын зураг төсвийг баталж тендер зохион байгуулахаар бэлтгэж байна.
Үүнээс тоймловол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Иргэдийн хөгжлийн төвийг шинээр барих, усан спортын төвөө шинэчилж өргөтгөх, аймгийн төвийн авто замыг сайжруулах, асьфалтаар хучих гээд тохижилт үйлчилгээний ажлууд бий. Жишээ нь Сайншанд сумын зургадугаар багт баригдах Иргэдийн хөгжлийн төв нь дэргэдээ багийн Ажлын албатай, цагдаатай, Өрхийн эмнэлгийн үйлчилгээтэй байхаар зураг төсвийг боловсруулсан.
Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг үр бүтээлтэй зарцуулах, хэрэгжилт нь удаашралтай байгаа зээлийг буцааж төвлөрүүлэх, зээлийг шаардлагатай байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох чиглэлээр анхаарч, сумдын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн. Нөгөө талаар Төрийн албаны зөвлөлөөс 2017 оныг “Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан.
Энэ зорилтын хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулах, сахилга хариуцлагатай ажиллуулах, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж байна. Энэ сарын 28-нд төрийн албан хаагчдын нэгдсэн семинарыг Сайншанд хотод зохион байгуулахаар ажиллаж байна.
Х.Эрдэнэбулган