Хүүхдийн элэг шилжүүлэн суулгах зардлыг төр хариуцах хэрэгтэй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы хуралдаанаар Донорын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол гэмтэл эзэлж байна. Мөн жилээс төрөлтийн хүндрэл өсч, олдмол болон төрөлхийн цусны өвчлөл нэмэгдэж байгаа юм. Иймд донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд хүйн цусны донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулах, цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөц хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулахаар тусгасан байна. Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эрчимтэй хөгжиж 2006 оноос хойш эдүгээг хүртэл 128 иргэнд бөөр шилжүүлэн суулгажээ. Мөн 29 иргэнд элэг, хоёр хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгасан байна. Эрхтэн шилжүүлэн суулгахад ойролцоогоор 15-85 сая төгрөг зарцуулдаг гэсэн судалгааг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцуулав.
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан илэрхийлээд, “Аливаа улсын анагаахын хөгжлийг эрхтэн шилжүүлэн суулгах боловсон хүчин, тоног төхөөрөмжийн хангамжаар тодорхойлдог. Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгадаг болсон тул хуулийг нь төгөлдөржүүлэх нь зөв. Гэхдээ энэ хууль цаагуураа хүний эрхтэн худалдах гэмт хэргийг нарийн, зохион байгуулалттай болоход нөлөөлөх магадлалтай. Тиймээс энэ асуудлыг Эрүүгийн хуультай холбох хэрэгтэй” гэлээ. Хуулийн төсөлд Зохицуулах алба байгуулахаар заажээ. Энэ алба эрхтэн шилжүүлэн суулгах, хүний наймаа, эрхтний наймааны асуудлыг хянана хэмээн Эрүүл мэндийн сайд хэллээ.
Элэг шилжүүлэн суулгахад хүүхэд 50 сая, том хүнд 60-85 сая төгрөг шаардлагатай байдгийг Эрхтэн шилжүүлэн суулгах төвөөс мэдээлсэн. Энэ төлбөрийн асуудалд төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл онцлов. Харин УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, “Эрхтэн шилжүүлэн суулгах төлбөрт төрөөс дэмжлэг үзүүлэх чиглэлд Засгийн газар, ЭМЯ-наас хэрэгжүүлэх бодлого бий юу” хэмээв. Хүүхдийн эмчилгээ үнэ төлбөргүй байх ёстой. Тиймээс элэг шилжүүлэн суулгах төлбөрийг үнэ төлбөргүй болгох чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх болно хэмээн А.Цогцэцэг сайд хариуллаа. Мөн эрдэнэт хүний хүний ам насыг аварч байгаа доноруудыг алдаршуулах, урамшуулах чиглэлд анхаарал хандуулж ажиллахыг гишүүд зөвлөсөн.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлээ.
Ч.Ариунболд