Хүүхдээ хөхөөр хооллодог эхчүүдийн тоо буурсан гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Өмнө нь хүүхдийн сүүний газар гэж байсан. Одоо бол импортын хүүхдийн сүүний бүтээгдэхүүнд ач холбогдол өгдөг болсон байна. Хожим нь ийм хор хохиролтой байжээ гэсэн асуудал яригдах вий" гэхэд салбарын сайд А.Цогцэцэг, "Хүүхдээ хөхөөр хооллодог эхчүүдийн тоо буурч, 66 хувиас 47 хувь руу орсон. Хүүхдээ хөхөөр хооллохгүй байх нь хүүхдийн дархлааг бууруулдаг. Иймд эхчүүдийг хүүхдээ хөхөөрөө хооллодог болгоход хуулийн төсөл чиглэсэн. Өнгөрсөн жилийн улаанбурхны дэгдэлтээс харахад, хүүхдээ хөхөөр хооллодоггүй эхчүүд цөөнгүй байсан тул хуулийн төслийг боловсруулсан" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл эхчүүд яагаад хүүхдээ хөхний сүү орлуулагчаар тэжээх сонирхол өндөр байгааг тодруулсан. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, "Эхийн сүүг ямар ч бүтээгдэхүүн орлохгүй. Гэтэл манай иргэдийн дунд эхийн сүүний оронд бэлэн бүтээгдэхүүн хэрэглэж болно гэсэн ойлголт дэлгэрчээ. Мөн гоо зүйтэй холбоотой ойлголттой холбоотойгоор хөхөөрөө хооллохгүй болжээ. Ялангуяа оюутнууд төрөөд хүүхдээ эцэг эх дээрээ хөдөө орхигдог. Иймээс оюутан эх төрсөн тохиолдолд эрхийг хамгаалсан заалт оруулсан" гэсэн тайлбарыг хийв.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжлээ.
Б.Туул