“Ээлжлэн тариалалтын систем” хөтөлбөр үр дүнгээ өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭГазар тариалангийн өлгий Сэлэнгэ аймгийн тариаланчид сүүлийн жилүүдэд хөрсөө хамгаалах, үржил шимийг нь нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байна.
Үүний нэг илрэл нь “Ээлжлэн тариалалтын систем” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа явдал билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сэлгээнд оруулах таримлын нэр, эргэцын тоо болон хөрсний үржил шимийг сайжруулах талаарх зөвлөмж, зөвлөгөөг тариаланчиддаа өгч, хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг аймгийн ХХААГ-аас явуулсаар байна. Аймгийн хэмжээнд нийт тариалсан талбайн 83.4 хувьд улаанбуудай, арвай, овьѐос, гурвалжин будаа, 1.5 хувьд эрдэнэ шиш, наранцэцэг, царгас, вандуй, шар буурцаг, гич, ногоон тэжээл, хошоон, согоовор, 11.5 хувьд тосны ургамлыг тариалж сэлгээнд оруулж байна.
Түүнчлэн хөрсний элэгдэлд хүчтэй орсон 50 га-д ногоон бордуурт уринш, дунд зэргийн элэгдэлд орсон 450 га-д царгас тариалж, 3-4 жил өнжөөж үржил шимийг сайжруулах ажлыг хийжээ.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд Хушаат сумын “Өгөөж-мандал уул” ХХК хатуу буудайн Жумчежина сибирский сортын 40 тн үрийн нөөцтэй болсон байна. Мөн Дархан-Уул аймгийн УГТХ-ийн лабораторитой хамтран Жавхлант, Сүхбаатар, Мандал сумдын тариалангийн талбайн хөрсийг шинжилгээнд бүрэн хамруулж чаджээ. Түүнчлэн Улаанбаатар хотын ХААИС-ийн хөрсний лабораторид Баянгол, Сайхан Хушаат, Цагааннуур сумдын зарим аж ахуйн нэгжүүд талбайн хөрсөө шинжлүүлсэн байна. Энэ ажлын үр дүнд аймгийн хэмжээний нийт эргэлтийн талбайгаас үр тариа 86.5 хувь, тэжээлийн ургамал 1.5 хувь, тосны ургамал 11.5 хувийг сэлгээнд тариалжээ.
Ч.Отгонцэцэг