"Эвийн хүч" худалдааны төвд дахин засвар үйлчилгээ хийх үүрэг өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДШинэчлэлийн Засгийн газар, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Баруун бүсийн худалдааны төв барих зорилтыг тусган Эвийн хүч худалдааны төвийг ашиглалтад оруулж 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нээлтийн тууз хайчилсан юм. Эвийн хүч худалдааны төв нээлт хийснээс хойш ажиллахгүй байсаар 3 жилийн нүүр үзэж байна.
Тухайн үеийн Засгийн газраас зарласан тендэрт "Ус орчин" ХХК шалгарч, тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайдын багцаас 3,6 тэрбум, 400 гаруй бизнес эрхлэгчээс 1,1 тэр бум нийт 4,6 тэрбум төгрөгөөр 96:44 хэмжээтэй 10 метр өндөр, 8160 метр квадрат талбай бүхий 500 гаруй павильон, лангуу тасалгаатай худалдааны төвийг барьж байгуулсан билээ. Харамсалтай нь энэ цагаас хойш 3 жилийн хугацаанд "Эвийн хүч" худалдааны төвийг ашиглалгүй өдийг хүрээд байна.
Тус худалдааны төв анх барихдаа зах дээр жижиг бизнес эрхэлдэг худалдаачид барилгын газар авахад өөрсдөө тодорхой хэмжээний оролцоо бий болгож доод тал нь 5-20 сая төгрөг өгсөн. Гэтэл энэ худалдааны төвийг хувьчлах асуудал маргаантай байсан төдийгүй гэнэт олон эзэнтэй болж зөвшилцөлд хүрч чадаагүй, улс төрчдийн нөлөө оролцоо ч байсан. Тэгээд ч барилгын чанарын асуудал, гэрэл, дулаан, усны асуудал эхнээсээ өр авлага үүсгэж эхэлсэн байна. Энэ асуудлаар олон уулзалт, хэлэлцүүлэг хийгээд ямар ч зөвшилцөлд хүрэлгүй өдий хүрч, жижиг бизнес эрхлэгчид задгай талбайд наймаа эрхэлж, халуунд халж, хүйтэнд хөрсөн хэвээр байна.
Ийм учраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын А\634 тоот захирамж гарган "Эвийн хүч" худалдааны төвийн өнөөгийн байдлыг судлан дүнэлт гаргах үйл ажиллагааг эхлүүлэх, санал боловсруулах 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан байна.
Тус ажлын хэсэг хоёр удаа хуралдаж "Эвийн хүч" худалдааны төвийг ажиллуулах, барилга барьсан компанийн дутуу хийсэн ажлыг гүйцэтгүүлэх талаар тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Эвийн хүч” худалдааны төвийн өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, дүгнэлт гаргаж, барилгын ажлыг гүйцэтгэсэн "Ус орчин" ХХК-иар шаардлагатай засвар үйлчилгээг дахин засварлуулан, зөрчлийг арилгуулахаар үүрэг өглөө.
А.Бямбасүрэн