Цагдаагийн газар үйл ажиллагаагаа тайлагнаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЦагдаагийн албаны тухай хуулиар Цагдаагийн байгууллага нь үйл ажиллагааныхаа тайланг иргэд олон нийтэд тавих үүрэгтэй. Энэ дагуу Дундговь аймгийн цагдаагийн газар 2016 оны үйл ажиллагааныхаа тайланг иргэдэд танилцуулж байна.
Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оныхоос 8. 7 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 13.8 хувиар өссөн үзүүлэлттэй. Цагдаагийн байгууллага өнгөрсөн онд 1850 гаруй өргөдөл, гомдол хүлээн авсан бөгөөд 780 гаруй нь гэмт хэргийн шинжтэй, үүнээс 210 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Нийт бүртгэгдсэн 220 гаруй гэмт хэргийн 131 нь хөнгөн, 79 нь хүндэвтэр гэмт хэрэг. Онц хүнд 5 хэрэг бүртгэгджээ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн байдлаар нь авч үзвэл согтуугаар үйлдсэн 66 хэрэг бүртгэгдсэн нь дийлэнх хувийг эзэлж байна. Мөн гудамж талбайд 22 хэрэг үйлдэгдэж, гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн 8 хэрэг бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн 23 нь эмэгтэйчүүд, 5 нь хүүхэд оролцсон хэрэг байжээ.
Гэмт хэргийн улмаас 13 хүн нас барж, 120 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 700 гаруй сая төгрөгийн хохирол учирснаас 500 гаруй сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
Захиргааны зөрчлийн хувьд урьд оныхоос мөн буурсан үзүүлэлттэй. Тодруулбал, 8384 захиргааны зөрчил бүртгэгдэж, өмнөх оноос 18.2 хувиар буурсан бөгөөд зөрчилд оногдуулсан торгууль 3 дахин өссөн байна.
Т. Отгонтуяа