Малчин Д. Сайнбаяр сумынхаа цаг уурчдад компьютер бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-18 12:15:10

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4-р багийн малчин Д. Сайнбаяр сумынхаа цаг уурын өртөөнд зөөврийн компьютер бэлэглэжээ.

“Цаг агаарын мэдээг малчин бидний гар утсанд мессэжээр өгч, цас шуурга тохиож болзошгүйг байнга сануулж байдагт цаг уурын өртөөний хамт олонд талархаж байдаг. Тэдэнд компьютер дутагдалтай байдаг гэж дуулаад нотебүүк авсан юм. Ажил нь саадгүй байхыг малчин хүний хувьд хүссэн дээ” гэж малчин Д. Сайнбаяр сэтгэгдэл хуваалцсан юм.

Дундговь аймгийн 15 сумаас 6 нь цаг уурын өртөөтэй. Тэдгээрийн нэг  нь Цагаандэлгэр сум бөгөөд малчин Д. Сайнбаярын бэлэглэсэн компьютер нүдээ олсон тусламж болсон гэдгийг Цаг уурын өртөөний дарга Д. Сарангэрэл хэлсэн юм. Тэрээр, “Бид цаг агаарын ажиглалтаа цаг минутаар хэмжин тэмдэглэл хөтөлдөг. Түүнийгээ цахим мэдээ болгон байршуулах, малчдынхаа гар утсанд мессэжээр мэдээ илгээх зэрэгт компьютер дутагддаг байсан” гэв.

Цаг уурын өртөө цаг агаарын 7 хоногийн урьдчилсан мэдээ болон сэрэмжлүүлэг мэдээг сумынхаа 204 малчин өрхийн гар утсанд мессэжээр нэгэн зэрэг өгдөг байна. Мөн энэ мессэж үйлчилгээг сум орон нутгаас малчдад хүргэх яаралттай зар мэдээг дуулгахад ашигладаг ажээ.

Малчин Д.Сайнбаяр сумынхаа эмнэлэгт эх мал өгч, малжихад нь тусласан, сургууль, цэцэрлэгтээ мөнгөн тусламж өгсөн зэргээр төрийн үйлчилгээ хүргэж ажилладаг байгууллагын үйл ажиллагааг дэмжин өөрийн хувь нэмрийг оруулж явдаг санаачлагатай малчин юм. Тэрээр 2012 онд аймгийн сайн малчин болж байсан бөгөөд энэ өвөл тэднийх Дорноговь аймгийн Айраг сумын нутагт өнтэй сайхан өвөлжиж байна.

Т. Отгонтуяа

相关新闻