Ажлын хариуцлага, сахилга дэг журмыг чангатгахыг үүрэг болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-17 08:28:12

Дундговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж, өөрийн эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудын дарга, сумын Засаг дарга нарын ажлын хариуцлага, сахилга дэг журмыг өндөржүүлэх үүрэг өгсөн байна. Үүний тулд мөрдөж хэвшүүлэх хэд хэдэн зүйлийг жагсаажээ.

Тухайлбал, гадаад улс болон Улаанбаатар хот, өөр аймаг, суманд албан ажлаар явахдаа аймгийн Засаг даргад урьдчилан  мэдэгдэж, албан томилолт удирдамжаа баталгаажуулан үр  дүнг тооцуулж байх, эзгүй явах үедээ орлон ажиллах хүнд ажлаа албан ёсоор хариуцуулах, төрийн албыг улс төрөөс ангид байлгаж төрийн жинхэнэ албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, байгууллагын бүтэц орон тоог батлагдсан нормативаар ажиллуулж, Захиргааны ерөнхий хуулийг үйл ажиллагаандаа мөрдөн хэрэгжүүлж, алдаа дутагдалгүй ажиллахыг үүрэг болгосон байна.

Мөн төсвийн орлогыг таслахгүй байх, батлагдсан төсвийг хэтрүүлэн зарцуулахгүй төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэн өр авлагагүй ажиллана. Түүнчлэн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд мэдэгдэл тайлбарыг гаргаж, аливаа хууль бус үйл ажиллагаа, буруу үйлдэлтэй эвлэрэхгүй байхыг хатуу анхааруулжээ.

Мөн ажлын байрандаа болон албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, олон нийтэд архидан согтуурах нөхцөл боломж бүрдүүлсэн аливаа үйл ажиллагаа зохион байгуулсан байгууллага, сумын удирдлагад хүлээлгэх хариуцлагыг чангатган хариуцлагыг тухай бүрт тооцож байхыг аймгийн ЗДТГ- ын дарга О. Чулуунбатад үүрэг болгосон байна.

Т. Отгонтуяа         

 

 

相关新闻