Хүүхдүүд задгай театрын тайзнаа жуулчдад зориулан тоглоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр уран бүтээлч хүүхдүүдийнхээ тоглолтыг ирэх зун жуулчдад сонирхуулахаар аялал жуулчлалын маршрутад оруулж байна.
Дундговь аймгийн Сайхан- Овоо сумын нутгаар урсдаг Онги голын эрэгт Зууны манлай уртын дуучин, Монгол Улсын гавъяат жүжигчин Ж. Дорждагвын нэрэмжит задгай театрыг уржнан жил нээсэн. Энэ театрын тайзнаас хүүхдүүд урлагийн тоглолтоо сонирхуулна. Хүүхдүүдийн тоглолт үндэсний язгуур урлагийн гайхамшигийг үзүүлж, урлагаар дамжуулан монголын говь нутгийн бахдам өнгө төрхийг харуулахыг зорих юм.
Уран бүтээлч хүүхдүүдийн тоглолт зургадугаар сарын 15- наас эхэлнэ. Долдугаар сарын дунд хүртэл эхний ээлжийн, долдугаар сарын дундаас наймдугаар сарын 15 хүртэл хоёр дахь ээлжийн тоглолтыг төлөвлөж байгаа гэж хүүхдийн театрын захирал А. Ууганбаяр хэллээ. Тоглолтын хөтөлбөрийг гаргаж, аялал жуулчлалын нэгдсэн маршрутад оруулахаар холбогдох газарт илгээжээ.
Зууны манлай алдарт уртын дуучин Ж. Дорждагваар “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр овоглодог. Тиймээс Онги голын эрэгт нээсэн задгай театрын тайзыг зуны турш урлагийн тоглолттой байлгахыг хүүхдийн театрынхан зорьж байгаа ажээ.
Т. Отгонтуяа