Үр төлөө голсон мал икэлийн аялгуунд уярдаг байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДОйрад монголчуудын дунд тоглогддог хөгжмийн зэмсгийн нэг нь икэл юм. Тэдний дунд икэл хөгжим үүссэн тухай олон домог яригдсаар ирснийг дуулгая.
“Эрт урьд цагт нэгэн өнчин залуу байж гэнэ. Тэрээр морио унаад айл хэсэж амиа тэжээдэг байжээ. Гэтэл морь нь хөгшрөөд үхэж гэнэ. Насан туршийн амьдралд нь сайн нөхөр, түших хань болж байсан морио орхиод явах хэцүү, аваад явахад ч болохгүй нь мэдэж. Чингээд арга буюу мориныхоо сүүлнээс бут хялгас тасалж нарийн модонд бүрж мориныхоо толгойгоор икэл хөгжим үйлджээ". Ийнхүү энэхүү домогт икэл хөгжмийн үүслийг морин хуурын нэгэн адил монгол хүний үнэнч хань болсон хүлэг сайн морины эмгэнэлт үхэлтэй холбон тайлбарласан нь сонирхолтой.
Икэлийн хэлбэр дүрсийн онцлгоос нь хамаарч “ааган икэл”,”шанаган икэл”,”жилавчин/жалавч/” икэл, ”хайсан/тогоо/” икэл гэхчилэн нэрлэнэ.Ойрад монголчууд икэл гэдэг нь “эх хэл” хэмээх үгнээс үүсэлтэй гэж хэлэлцдэг. Тэгээд ч эл нэрийн тухайд сонирхолтой тайлбар бий. Тухайлбал малчин ардууд үр төл нь үхэж үрэгдсэн юмуу голсон төлийг эхэд нь авахуулахдаа хуур, икэл татаж аялан дуулдаг байна. Улмаар хүний хэлээр үглэж ятгаж чадахгүй байхад хөгжмийн хэлээр адгуус малыг ч уярааж болдог гэдгийг ухаараад хүний хэл бол “бага хэл”, хөгжмийн хэл “эх хэл” гэсэн утгаар энэ нэрийг өгсөн гэлцдэг. Энэ нь хөгжмийн аялгууг юм бүхэнд нэвтрэх чадалтай хэмээн итгэн биширч ирсэнтэй холбоотой бололтой. Икэл хөгжим нь ан амьтны дуу, морины явдал, бугын урамдаан,салхи шуурга исгэрэх,төлөө голсон малд төлийг нь авахуулах зэрэг байгаль ертөнцөд байдаг бүхий л дуу чимээг хоёрхон утсан дээр тоглож чаддагаараа онцлог юм. Ойрад монголчуудын дунд “икэлийн татлага” гэж нэрлэгддэг тусгай аялгуу бий. Үүнд “Дөрвөн ойрадын уриа”,” Согтуу мазаалай”,”Ээвийн голын урсгал”,” Жороо морины явдал”, Балчин хээрийн явдал” зэрэг болно. Эдгээрээс сонгодог нь “Дөрвөн Ойрадын уриа” таталага юм.Мөнхүү татлагад нутаг буйр дээрээ гаслан хоцорч буй нохойн гөлгийн гунигт дуу,ботго,унага,даага ижлээсээ төөрсөн дуу чимээ,хүүхэд багачуудын дуулалдах анир, бужигнан нүүж буй нүүдлийн их хөл хөдөлгөөн зэргийг хөгжмийн хэлээр гайхалтай илэрхийлжээ. Баруун монголын олон ястнууд икэл, хуур айлд залаатай байвал уг айлд хэл ам, хэрүүл үгүй, өвчин зовлонгүй, буян хишиг тогтоно гэж үздэг. Бас икэл хуур татдаг айлд сайн агт морь, атан тэмээний буян хишиг тогтоно гэж хэлэлцдэг байна.
Ойрадад олон алдартай икэлчид бий. Үүнд Баядын Ч.Дүүдэй, Захчины Б.Тогосоо, Ш.Банзай, Н.Цэвээнравдан нарыг нэрлэж болно хэмээн түүхийн ухааны доктор, дэд профессор Б.Батмөнх номондоо дурьдсан байдаг.
А.Бямбасүрэн