Хүн амын шилжилт хөдөлгөөн буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ2016 онд Дундговь аймгийн хүн амын шилжилт хөдөлгөөн урьд оныхтой ижил түвшинд буюу 1155 иргэн өөр хот, аймаг руу шилжин суурьшсан байна. Энэ нь сүүлийн 5 жилийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлт болж байгаа юм.
Дундговь аймагт шилжилт хөдөлгөөн хамгийн их буюу 2594 иргэн өөр хот, аймаг руу шилжсэн жил нь 2010 он байсан. Түүнээс хойш жилд 1400- 1700 гаруй иргэн шилжин явдаг байсан бол сүүлийн хоёр жилд ийнхүү 1150 гаруй иргэн шилжжээ. Шилжин явагсдын 61.9 хувь нь 19- 40 насны иргэд байгаа бөгөөд ихэвчлэн амьдралын нөхцлөө сайжруулах болон мэргэжлээрээ ажиллаж хөдөлмөрлөх гэж хэмээн шилжин явах гол шалтгаанаар дурьдагджээ.
Шилжсэн иргэдийн дийлэнх нь Улаанбаатар хотыг зорьсон бол хөрш зэргэлдээ Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт цөөн хувь нь шилжин суурьшсан байна.
Өөр аймаг, хот руу ийм тооны иргэд шилжсэн байгаа бол харин шилжин ирсэн 702 иргэн байна. Өнгөрсөн жил 792 иргэн шилжин ирж байсан бөгөөд сүүлийн хоёр жилд шилжин ирэгсэдийн тоо 2010 оноос хойших хугацаанд хамгийн олон нь болж байгаа юм.
Өөр аймаг, хотыг зорих шилжилт хөдөлгөөн багассан ч аймаг дотроо сум, багийн хооронд шилжих иргэд олон байна. Ийм хүсэлтийг 4066 иргэн ирүүлж, өөрийн аж төрөх сум, багийн харъяаллаа сольжээ.
Т. Отгонтуяа